УИХ дахь МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтэй гишүүд УИХ-ын тойрог, мандатыг хуваарилах асуудлыг дэмжсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж дэмжсэн. Тус байнгын хорооны хуралдаанаас МАН-ын бүлэг завсарлага авахыг хүссэн ч өгөөгүй юм. Ингэснээр МАН-ын бүлгийн гишүүд хурлыг орхин гарч, байнгын хорооны хуралдаан үргэлжлэн дээрх тогтоолын төслийг дэмжсэн билээ.
АН-ынхан ирцийн олонхоор хандаж, зарчимгүй будлиантай үйл ажиллагааг зохион байгууллаа. 2016 оны сонгуулийг будлиантуулах эхлэлийг АН тавилаа. Сонгуулийн тойрог, мандатыг хуваарилахдаа хүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг сайтар харгалзан үзэх ёстой. Гэтэл аймаг, орон нутгийн тойргийг өөрчилж, тойрог нэг бат цул бөөн байх зарчмыг алдагдуулах, аймгийн төвийг дангаар нь нэг тойрог болгож, бусад сумдыг хоморголон нэг тойрог болгох шийдвэрийг гаргалаа. Үүнд МАН-ынхан эсэргүүцэж оролцсон ч цөөнх учраас гаргасан алдаа дутагдлыг засч залруулж чадсангүй. Иймээс би байнгын хорооны хурлыг орхин гарсан. Тэгээд ч зогсохгүй гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардаж байна.
Айхаа арьсандаа боож, ичихээ эсгийд багласан хүмүүс гэвэл АН-ын УИХ дахь гишүүдийг хэлмээр байна. Дөрвөн жилдээ нэг болдог сонгуулийг АН-ын сунгалт болгох гэж байгаад харамсч байна. АН-ын дөрвөн гишүүн буюу Р.Гончигдорж, Н.Батбаяр, Г.Батхүү, Х.Тэмүүжин гэсэн дөрвөн хүний саналаар мандатын тоог хуваарилах зарчмыг эвдэж өөрсдөдөө таалагдсан хувилбараар оруулж ирж байгаад харамсч байна. Жишээ нь Өвөрхангай аймаг. Тус аймгийн 86 хувь нь нэг тойрог болсон. Үүнд нутаг дэвсгэр, хүн ам, засаг засаг захиргааны ижил тэнцүү байдлыг огтхон ч харгалзан үзсэнгүй. Ховд аймаг гэхэд 20, 12 мянган сонгогчтой тойрог байгуулсан нь тэгш бус юм.
Хүн амын хувьд ялимгүй зөрүүтэй аймгууд байтал нэг нь гурван мандаттай нэг нь нэг мандаттай саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос оруулж ирснийг ойлгохгүй байгаа. Арай ч ийм санал оруулж ирэхгүй байх гэж бодож байлаа. Хэнтий Булган аймгийн хүн амын тоо бараг зөрүүгүй байхад мандатын хувьд хоёроор зөрүүтэй байна. Энэхүү шийдвэрт сэтгэл дундуур байна гэж хэлэхэд ч багадаж байна. Суурь нь буруудчихлаа гэж хэлэхийг хүсч байна.
Нэг намын санаачилгаар сонгууль болохоос хоёрхон сарын өмнө ийм бусармаг зүйл хийж байгаад эргэлзэж байна. Багахангай, Багануур, Налайх гэсэн нийслэлийн дагавар хотоо нэгийг нь Чингэлтэй дүүрэгт, Сүхбаатар дүүрэгт хувааж өгсөн нь шударга бус юм. Дангаараа нэг тойрог болох байсан 35 мянган хүн амтай дүүргийг хувааж байгаа нь ардчилсан сонгууль болохгүй гэсэн эргэлзээг төрүүлж байна.
Ийнхүү мэдээлэл хийх үеэр дараах асуултад хариулт авлаа.
-Тойрог, мандатыг хуваарилах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар одоо хэлэлцэнэ гэсэн. МАН-ын бүлэг хуралдаандаа суух уу?
Төрийн байгуулалтын байнгын хороон дээр завсарлага авахыг хүссэн. Зөвшилцөж ойлголцохыг хүссэн. Хэт хүч түрсэн үйлдэл эцэстээ хор урхаг дагуулна гэсэн. Гэтэл хуулийн хугацаатай гээд завсарлага өгсөнгүй. Олонх өчигдөр АТГ-ын даргыг томилох асуудал дээр АН-ын бүлэг хуулийн хугацаа нэг хоногоор хэтэрчихээд байхад завсарлага авсан. Хуулийг ийнхүү ялгавартайгаар хэрэглэж байна. Тиймээс бид УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй.