Өвөр монголчууд эх хэлээрээ сурч боловсрох эрхтэй. Эх хэлээ хамгаалах нь зүй ёсны хэрэг мөн. Монгол эх хэлээ хамгаалан тэмцэх нь зөвхөн Өвөрмонголд амьдарч буй дан ганц өвөрмонголчуудын асуудал биш. Энэ бол нийт монголчуудын асуудал. Хэл соёл, түүх, зан заншлаа хамгаалан тэмцэж буй өвөрмонголчуудыг өмгөөлөн дэмжиж буй Монголчуудын үйлдлийг хэнд ч буруутгах эрх байхгүй. Эх хэлээ алдах гэж буй өвөрмонголчуудад ганцхан найдлага үлдсэн.
Тэр нь Ар Монголын дэмжлэг. Монгол иргэд төдийгүй Монгол улс ч байр сууриа илэрхийлбэл зохино . Дуугаа хураан чимээгүй суувал Хятадын эрх баригчдын геноцид бодлогыг дэмжиж байгаагийн илрэл болно. Алдааг давтаж болохгүй. Ар Монголд Оросуудын бодлогоор уйгаржин бичгийг зайлуулж, кирилл бичиг үсэгт шилжүүлсэн Их гүрний дээрэнгүй бодлогыг ч саная. Өнөөдөр Монгол улсын хүн амын дийлэнх хувь нь уйгаржин бичгээр бичиж, уншиж чаддаггүй. Эх бичгээсээ салснаар сэтгэлгээний өөрчлөлтөнд ч орсон. Тиймээс оройтоогүй дээр нь өвөрмонгол ахан дүүсдээ сэтгэлийн дэм, урам зориг хайрлая.
Бидэнд мөнгөө өгөхөө зогсоочих бий, нүүрсийг минь хил давуулахгүй байх вий, мөнгө зээл өгөхөөс зайлсхийх вий гэж айлгүйгээр өвөрмонголчуудаа өмгөөлөн дэмжиж байна.