ИРГЭН М.ХҮРЭЛСҮХИЙН ГАЗРЫГ ТӨР БУЛААСАН УУ?

2020-09-09  

Төр хувийн хэвшлийн компани болон иргэний газрыг булаан авдаг асуудал сүүлийн үед их яригдах болов. Тэгвэл энэ удаа “Нар Мон” хэмээх хувийн компанийн эзэмшдэг газрыг төрийн нэр бүхий албан тушаалтан булаан авсан гэх асуудал сөхөгдөөд байна. Албаны зүгээс “Нар Мон” компанийг газрын төлбөрөө төлөөгүй учраас газар эзэмших эрхийг нь цуцалсан” гэсэн бол “Нар Мон” компанийн удирдлагууд “Төлбөрөө цаг тухайд нь төлсөн, эрх мэдлээ ашиглан манай газрыг хууль бусаар авах гэж байна” хэмээн мэдэгдээд байгаа юм. Ийнхүү хоёр талын байр суурийг ямар нэгэн тайлбаргүйгээр хүргэж байна.

М.Хүрэлсүх: Манай компани 84 мянган төгрөгийн илүү төлөлттэй байгаа

Нийслэлийн удирдлагуудад газраа булаалгасан асуудлаар “Нар Мон” компани энэ сарын 7-нд мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус компанийн ерөнхий захирал М.Хүрэлсүх “УИХ-ын гишүүн С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга байхдаа  энэ  оны дөрөвдүгээр сарын 13-нд захирамж гаргаж, “Нар Мон” компанийн Амгаланд үйл ажиллагаа явуулдаг газрын эрхийг газрын төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан.

Энэ талаар бид наймдугаар сарын 18-нд мэдсэн. Нийслэлийн газрын албатай уулзахад газар эзэмших гэрчилгээг цуцлах шийдвэр гарахаас 14 хоногийн өмнө манай тооцоо нийлсэн дүнгээр 84 мянган төгрөгийн илүү төлөлттэй явж байсан. Өмнө нь газрын мөнгөө цаг тухай бүрт нь төлж, тооцоо нийлсэн баримтаа тулгаад явдаг байсан.

Гэвч өнөөдрийг хүртэл манай компанитай холбоотой нэг ширхэг ч нэхэмжлэлийг бидэнд өгөөгүй. Амгалан дахь тухайн газар дахь байгууламжаа өргөтгөж, энэ зун хоёр агуулах нэмж барихаар төлөвлөснөө нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хэлсэн. Гэтэл “Танай газрыг дарга сонирхож байна” гэдэг үндэслэлээр хүлээж аваагүй. Тиймээс бид хамтран ажиллах санал хүргүүлсэн ч хариу ирээгүй. Анхнаасаа хууль бусаар шууд дээрэмдэж авах сонирхолтой байсан юм билээ.  Бид тус газарт 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн албан ёсны зөвшөөрөлтэй. Тухайн үед нийслэлийн засаг дарга байсан Ж.Наранцацралтаас “Нар Мон” компани түлш, модон материалын зах байгуулах тухай захирамж авч, захирамжийн хүрээнд гэрчилгээг гаргуулж авсан.

Энэ газрыг 25 жил эзэмшиж байгаа. Сүүлийн 20 жилийн турш төмөр замын болон бусад аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллаж  төмөр зам зогсох өртөө байгуулж, ойр орчмын төмөр замын эвдрэлийг засч, дэр модыг шинэчилж, өвөлдөө нүүрс, модны зах болгон ашиглах зэрэг ажлыг хийсэн.

Эрхзүйт нийгэмд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдын олон жилийн хөдөлмөрийг дээрэмдэж, хувийн өмчид халдаж байгаа нь зүйд нийцэхгүй байна” гэсэн юм. Мөн тус компани  газрын эрхийг цуцалсан шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт гомдол гаргажээ.

М.Шижирбаяр: “Нар Мон” компани газрын төлбөрөө төлөөгүй

Харин энэ асуудалд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өчигдөр тайлбар өглөө. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэд дарга М.Шижирбаяр “Цахим орчинд төрийн байгууллага хувийн хэвшлийн газрыг хууль бусаар хурааж авлаа гэх ташаа мэдээлэл тархлаа.  Үүнд төрийн байгууллагын зүгээс тухайн газрыг хуулийн хүрээнд яагаад хураахаар болсон талаар мэдээлэл өгөхөөр өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 576 дугаар захирамжаар тус дүүргийн X хороо буюу Дүнжингарав худалдааны төвөөс зүүн тийш Амгалан өртөөний замтай нийлдэг хэсэгт 2.7 га газрыг “Нар Мон” компанид аж ахуйн зориулалтаар таван жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэр­лэсэн. Дараа нь Нийс­лэлийн Засаг даргын 2018 оны А/1177 дугаар захи­рамжаар үйлдвэрлэл, аж ахуйн зориулалтаар газар эзэмших хугацааг 15 жил болгож сунгасан. Ингэхдээ газрын хэмжээг 6.5 га бол­гон нэмэгдүүлсэн. Гэвч тус ком­пани гэрээнд заасан газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учраас Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/505  дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг энэ оны  дөрөвдүгээр сарын 13-нд хүчингүй болгосон. Тодруулбал, Газрын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1-ийн “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын төлбөрийн тухай хуулийн дагуу төлбөр төлнө” гэсэн заалтыг зөрчин 2018,2019, 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэлх газар ашигласны төлбөр болох 90 сая 213 мянга 929 төгрөгийг төлөөгүй.  Мөн тухайн газрыг эзэмшихдээ төлдөг дуудлага худалдааны үнийг төлөөгүй.  Жилд 72 сая төгрөг төлөх ёстой. Гэтэл “Нар Мон” компани Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон улсад нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч бидний шаардлагыг хүлээж аваагүй. Газрын тухай хуулийн 40.1.5-т заасны дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, Газрын тухай хуулийн 61.1-т заасны дагуу жил бүр улсын газрыг ашигласны төлбөрөө төлөөгүй учраас газар эзэмших эрхийг цуцалсан” гэлээ.

Түүнчлэн тус албанд “Нар Мон” компани шүүхэд гомдол гаргасан талаар мэ­дэгд­сэн зүйл байхгүй гэсэн юм. “Нар Мон” компанийн газрын эрхийг цуцлаад “Тавантолгой түлш” ком­па­нид сайжруулсан түлш борлуулах үйлдвэр, агуу­ла­хын зориулалтаар 15 жилийн хуга­цаатайгаар 22.6 га газар эзэмших эрхийг энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд олгожээ.

Эх сурвалж:  Б.ОД “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?