ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА

2020-09-16  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр  бараалхлаа.

"COVID-19"-ийн улмаас Монгол Улсад орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан уулзалтыг халдвар хамгааллын тусгай дэглэмийг өндөр түвшинд зохион байгуулж байна. Тодруулбал, талуудын албан ёсны төлөөлөгчид гурван метрийн зай бүхий аюулгүй бүсэд байраа эзэлснээр уулзалт эхэллээ.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий дахинд тархсан цар тахлын үед БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй айлчлал нь хоёр улсын өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалж, Монгол Улс-БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгасан үйл явдал болж байна гээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд дэвшүүлсэн мэндчилгээг нь уламжилж өгөхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ оны хоёрдугаар сарын 27-нд  БНХАУ-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзсан билээ. Айлчлалын хүрээнд хүнд хэцүү үеийг туулж буй Хятадын ард түмэнд Монголын ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгон 30 мянган толгой хонь хандивлаж байгааг мэдэгдсэн юм. Улмаар хандивын 30 мянган толгой хонийг Хятадын талд хүлээлгэн өгөх бэлтгэл ажил ид явагдаж байна.

Уулзалтын үеэр талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам баяжуулж, хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх, цаашид улам нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллах, ингэхдээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэх нөөц бололцоо хангалттай байгааг онцолж, монголын цэвэр хөрс, ус, агаарт боловсорсон “эко” хүнсийг экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн хоёр орны хүмүүнлэгийн харилцааны зарим асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ хүндэтгэх зарчмыг баримтлах нь чухал болохыг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улс-БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар хөгжүүлэхэд бэлэн байгаагаа харилцан илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Ван Игийн Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүслээ.

ЭХ СУРВАЛЖ:   https://www.montsame.mn/mn/read/236595

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?