Ц.ЭЛБЭГДОРЖ БОЛ ДҮР ЭСГЭСЭН ТЭМЦЭГЧ

2020-09-23  

Тэр бол хоосон амлагч, бусдыг турхирагч гэж нэмж хэлчихье. Мөн шоучин. Ой санамжаа сэргээе. 1990 оноос хойш "Ардчилал"--ын нэрийг тэр л сайн барьсан. Ард түмнийг турхирахдаа турхирч, сэнхрүүлэхдээ сэнхрүүлж, үр дүнд нь тэр л, Элбэгдоржтонгууд л хожсон. Тэр албан тушаал, нэр алдрын оргилоос буулгүй ( Монгол улсын ерөнхийлөгчөөр хоёр удаа, ерөнхий сайдаар хоёр удаа, УИХ-ын гишүүнээр хоёр удаа, төрийн эрхийг ээлжлэн барьсан АН-ын даргаар тус бүр хоёр удаа сонгогдсон) 30 жилийг үдсэн. Төрийн эрхийг 30 жил ээлжлэн барилцсан.

-2008 оны УИХ-ын сонгуулийн дараах үймээн самууны гол турхирагчийн нэг хэн байсан бэ? Элбэгдорж яах аргагүй уриалж байсан хүний нэг.

-Үр дүнд нь юу болсон? Таван сайхан энгийн залуу амь насаа алдсан. Элбэгдоржийн удирдсан нам нь Засгийн эрхийг хамтран барьсан. Яг жилийн дараа , 2009 онд Монгол улсын ерөнхийлөгчөөр, 2013 онд улиран сонгогдсон. Үүнийг улс төр гэх үү, юу гэж тайлбарлах вэ? Тэр, 1990 онд анх хэлж ярьж байснаа биелүүлсэн үү? Шударга ёсыг тогтоосон уу? гэж асууя. Үгүй л гэсэн хариулт гарна. Товчилж хураангуйлан, базаж тунгаавал, Элбэгдорж хоосон амлагч, бусдыг хошгируулагч шоучин, бас турхирагч, дээр нь дүр эсгэсэн ардчилагч, нэр төдий тэмцэгч байж дээ гэсэн дүр төрх бууна.

2004 онд, хамтарсан Засгийн газрын ерөнхий сайдаар томилогдсоны дараахан тэрбээр "албан тушаалын хүнд суртлыг устгана " гэж хэвлэлийнхнийг өрөөндөө дуудаж зөвшөөрөл олгох баахан тушаал шийдвэрийг урж тасдаж хаясныг санаж байна. Гэтэл нь тэр нь ердөө л нэг, телевизийн дэлгэц ашигласан тавилттай, хэлбэр төдий ээлжит жүжиглэлт нь байсан байдаг. " Элбэгдорж өдрийн хагасыг телевизээр юу гэж хэлэх вэ?, түүнийгээ яаж илэрхийлэх вэ? гэдэг дээр дасгал сургуулилт хийдэг байсан гэж түүний ПИАР хариуцсан албаныхан хожим дэлгэсэн. Ийм л дүр эсгэсэн ардчилагч, нэр төдий тэмцэгч, хоосон амлагч, бусдыг турхирагчаар улс орноо удирдуулсан лай ланчгийг Монголчууд өнөөг хүртэл дааж ядан үүрч явна. 30 жилд бидний амьдралд юу өөрчлөгдөв, ингэхэд. Тунгаа даа, өөрсдөө. 1990 оны нөгөө" Баян Монгол Улс" 2020 онд өр ширэндээ баригдсан байна. Гаднын хараат болсон. Баян биш ч гэлээ өр зээлгүй байсан монголчууд хавтгайдаа өр зээлэндээ идэгдэж, банкны барьцаанд орсон. Ийм л нийтлэг дүр төрх бууна. Дээр нь маргаашдаа итгэх итгэл нь алдарсан. 2008 оноос хойш тэмцэх эр зоригоо ч гээж, амиа хичээгчид олширсон. Өөрөөр хэлбэл Элбэгдоржтонгууд Монголчуудын зоригийг мохоож, итгэлийг нь хөсөрдүүлсэн.

Бид Хятадын мэдэлд оршиж буй Өвөрмонголчуудаас дор, тэмцэж босохоос ч эмээдэг , зүрх зориггүй хулчгар нэгэн болсноо харж байна. Тэгвэл, Элбэгдорж эрх мэдэлд хүрмэгц юу хийснийг хоёрхон үйлдлээр нь сануулья. Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны жилээ 2009 онд Оюутолгойн гэрээг УИХ-аар яаравчлан батлуулах ажлыг ерөнхий сайд С.Баярын хамт тэр гардан гүйцэтгэсэн. Ерөнхийлөгчөөс буухын өмнөх жилдээ, 2016 онд ерөнхий сайд Сайханбилэгийн хамт Эрдэнэтийн 49 хувийг хувьд завших эрээгүй шийдвэрийг гаргуулсан. Энэ хоёр шийдвэр нь улс орны, монголчуудын эрх ашигт харшилсан. Ийм л шийдвэр гаргаж байсан урагшгүй удирдагчийг бид оройдоо залсан байж. Тэр Монголын баялгийг өөрийн хүрээллийн улс төр, хууль, эдийн засгийн бүлэглэлээр дамжуулан бүрэн цөлмөсөн. Улс орныг сүйрүүлсэн түүний олон шийдвэрээс нь ганцхан гэрээг онцлоё. Оюу толгой компани, түүнтэй байгуулсан гэрээ. Энэ компанитай байгуулсан гэрээг өөрчлөх гэж үе үеийн парламент зүтгээд хүчрээгүй 12 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Үйлээ үзэж байна. Энэ гэрээг байгуулахын тулд 2008 онд С.Баяр УИХ-д дангаараа Засгийн газар байгуулах хэмжээний суудал (44 суудал) авсан хэрнээ хамтарсан Засгийн газар байгуулсныг хожим нэг жилийн дараагаас нь ойлгож болох.

2009 онд Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Монголын заяа бүрэн хэлтийсэн. Таны гудамжаар алхах , малаа хариулах, машин жолоодох, хайртай бүсгүйгээ энхрийлэх, хичээлийн танхимд ном унших, оюутнуудад хичээл заавар, үр хүүхдээ цэцэрлэгт хүргэх, дархан хилээ манах, миний нийтлэлээ тэрлэх минут секунд тутамд Монголын баялгийг вагон вагоноор нь өмнөд хил рүү зөөсөөр л байна. Хэн ч зогсоож, хэн ч шалгаж чаддаггүй, хэн ч энэ баялгийг авч үлдэх эрхгүй , хүчин мөхөстсөн ард түмэн аргаа баран сууж байна. Ард түмэн нь тэмцэж ч чаддаггүй, дээдэс нь гэрээг нь өөрчилж залруулж чаддаггүй ийм л өрөвдөлтэй улс болгожээ. Хамаг баялгаа зөөлгөсөн хэрнээ Оюутолгой компанид төлөх Монголчуудын өр эсрэгээрээ цаг минутаар өсөж байна. Баялгийг ашиглагч гаднынхан хөрөнгөжиж, баялгаа ашиглуулсан эзэд нь өрөнд унаж буй ийм гэрээг ЗУУНЫ ЛУЙВАР гэнэ гэж Германы бие даасан шинжээч монголчууд биднийг өрөвдөхдөө дүгнэж байна. Ийм гэрээг нөгөөх хамтарсан Засгийн газрын Сангийн сайд Баярцогт, Эрдэс баялгийн сайд Зоригт, Байгаль орчины сайд Гансүх нарын сайд нар нь өөрсдөө баяр ёслолын байдалтай үзэглэж, УИХ- аар дэмжүүлэн баталгаажуулсан. Тэд бүгд хүртдэгээ хүртсэн гэж олон нийт харддаг. Гадаадын эдийн засгийн алуурчдын гар хөлийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд С.Баяр нарын мэдэгдлээс хайх учиртай. 

" Оюутолгойн гэрээг би хар толгойгоороо хариуцна" гэж ерөнхий сайд С.Баяр нь мэдэгдэж, " Оюутолгойн гэрээг яаравчлан батлахаас өөр замгүй" гэж Элбэгдорж шавдуулж байсан нь баримт болон үлдсэн. Энэ бол улс орны сонирхол эрх, эрх ашгаас урвасан удирдагчдын бодитой үйлдэл юм. Өнөөдөр УИХ-ын 10 орчим гишүүн "Оюутолгой" -н Далд уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, удирдлагуудтай уулзаж, дүгнэлт хийх, гэрээ хэлцлийн ширээний ард суух зорилгоор Өмнөговийг зорилоо. Тэд Монголын 34 хувиасаа татгалзах, ашиглалтын татвараа нэмэх зорилгыг агуулж буйг Оюутолгой компанийнхан монголчуудаас ч илүү сайн мэдэж буй. Рио Тинто компани гэрээний үг үсгийг ч өөрчлөхгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож ирсэн. Зогсох ч байх. Харин 34 хувийн асуудлыг хэлцлийн ширээний ард сууж хэлэлцэх бодолтой бололтой. Рио Тинто компани өөртөө ашиггүй гэрээг хийхгүй нь ойлгомжтой. Тэд Монголын Засгийн газрын 34 хувийг өөрөө авахгүй байж мэдэх. Авахыг зөвшөөрсөн ч, түүнийгээ зарах эрхээ тэд эдэлнэ. Тэгвэл 34 хувийг Хятад, Япон, Европын орны хэн нь авах вэ ? гэдэг ч асуудал дагуулна. Нөхцөл байдал иймдээ хүрсэн. Тэгвэл ийм гэрээг байгуулахыг шавдуулсан Элбэгдоржоос Монголын төр, ард түмэн "Ял асууж" эхэлсэн. Харин тэр амь тээх аргаа хайж байна. Тэр нь Хятадын гадаад хэргийн сайд Ван И-гийн саяхны айлчлалыг ашигласан нь тэрхүү оролдлогын илэрхийлэл юм. Эх орныхоо газар шороонд шингэх эрхгүй болсон Элбэгдорж Өвөрмонголд үүссэн монгол хэл бичгийн асуудлыг Хятадын эрх баригчдаас өмөөрч, анхаарлыг өөртөө татах, асуудлыг өөр чигт хандуулан дүйвүүлэхийг хичээсэн.

-Өвөрмонгол дахь Хятадын Коммунист Намын геноцидийг зогсоо гэж тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан хэлсэн. Монголын өнөөгийн эрх баригчид түүний дээрх мэдэгдлийг сонсоогүй мэт өнгөрсөн. Харин Хятад улсыг Монголд төлөөлж буй элчин сайд Цай Вэньруй: - Монгол улсын Ерөнхийлөгч байсан хүн эсэргүүцэж байна. Тэр хүн Өмнөд Монгол бол хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэдэг байсан. Албан тушаалаасаа буугаад хоёр нүүртэн болж байна. Буруу ойлголт тарааж байгаад туйлын харамсаж байна гэж "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө хариу барьсан. Тэрбээр Элбэгдоржийн хоёр нүүртэн гэдгийг нь дипломат ёсоо зөрчин алдан илчиллээ. Үүгээр Элбэгдоржийн ээлжит шоу бүтэлгүйтсэн гэж хэлж болно. Элбэгдорж Монголын төрийн эрхийг 30 жил барилцахдаа нэг л зүйлийг сайн хийсэн. Тэр нь, Монгол улсын эдийн засаг Монголын төрийг бүрэн самарсан. Харин монгол бичгийн хувьд Ц.Элбэгдорж монгол бичиг үсгийг дээдэлж ирснийг санахгүй байна. Гарын үсгээ ганц удаа ч уйгаржин монголоор зурж байхыг үзээгүй. Өвөрмонголчуудын эх бичгээ хамгаалах хөдөлгөөнийг дэмжсэн явдал нь Ц.Элбэгдоржийн бусдыг турхирч сурсан зан л гэж бодогдоно. Энэ бол түүний америк " школа" юм. Түүний олон нийтийн дэмжлэг авах ээлжит, гаднын хэвлэлийн анхааралл өртөх ээлжит оролдлого бүтэлгүйтлээ. Харин түүнийг барьж хорих, ял асуух асуудал бол Оюутолгойн гэрээний дэргэд өчүүхэн зүйл. Одоо түүний зүтгүүлсэн "Оюутолгойн гэрээ"-г засах үлдлээ.

Тоймч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
гайхах юмгүй ээ:Энэ хүн бол удирдагч гэхээсээ нийгэмд байдаг хөөснүүдийн нэг хэсэг үзэгдэл шүү дээ 2020-09-24
гайхах юмгүй ээ:АНУ-ыг улаан Трамп самарахыг оролдож байгаа бол монголд ниээд эрт нэг хар Трамп гарч ирээд монгол төрийг самарчхаад ханаагүй бололтой эргэж ноцоод бүр улсаасаа хальж улс хооронд турхирч л байна 2020-09-24
зочин:Бичигч нь даалгавартай хятад ман 2ын улаан коммунист л бн, Хятадын хаяж өгсөн ясаар үр хүүхдээ тэжээхээсээ ичиж амьдар, 2020-10-01
иргэн:Элбэг их л дуу шуу ороод байсан. Хүү нь нэр дэвшээд л байгаа юм билээ 2020-10-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?