ЭТТ-Н НОГДОЛ АШГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШИЛЖҮҮЛЖ БАЙНА

2020-09-28  
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-ийн мэдээллээр энэ сарын 25-ны байдлаар 1.8 сая иргэн "Эрдэнэс-Тавантолгой" компанийн ногдол ашгийн мөнгөө аваад байна. 9 дүгээр сарын 14-ний байдлаар тухайн мөнгийг 1.3 сая иргэнд хуваарилаад байв. Монгол Улсын 2.5 сая иргэн "ЭТТ" компаниас тус бүр 1072 ширхэг хувьцааг эзэмшиж, ногдол ашиг хүртэх эрхтэй байгаа. Тиймээс үлдэж буй 700 мянга гаруй иргэний ногдол ашгийн мөнгийг 7 хоног бүр шат дараалан үргэлжлүүлэн шилжүүлж байна. Тодруулбал, 7 хоног бүрийн лхагва гарагт Монголбанкаар дамжуулан иргэдийн арилжааны банкны данс болон И баримтын системээр олгож байна. Үүний өмнө үнэт цаасны компанид дансаа нээлгэж, түүнийгээ баталгаажуулан арилжааны банкны данстайгаа холбуулсан 857.4 мянган иргэнд ногдол ашгийн мөнгийг эхний ээлжинд шилжүүлсэн. Үүний дараа И баримтын цэсийг ашиглан ногдол ашгаа авах хүсэлтээ зөвшөөрсөн 400 орчим мянган иргэний мөнгийг 9 дүгээр сарын 9-нд шилжүүлснээр нийтдээ 1.3 сая иргэн ногдол ашгаа аваад байсан юм. Энэ хооронд үнэт цаасны компанид дансаа нээлгэж, арилжааны банкны дансаа баталгаажуулж өгсөн 7000 иргэний мэдээлэл зөрүүтэйгээс гүйлгээ буцсан тохиолдол гарчээ. Ногдол ашгийн хуваарилалттай холбоотойгоор иргэдээс "Нас барсан хүний ногдол ашгийг яах вэ?", "Бага насны хүүхдүүд ногдол ашиг хүртэх үү?" гэсэн асуулт олонтоо тавьсаар байгаа. Энэ талаар ҮЦТХТ болон "ЭТТ" ХК-ийн дэргэдэх "1072 мэдээллийн алба"-наас доорх хариултыг өгч байна. Үүнд: - 2011-2012 оны 4 дүгээр сарын 11-нийг хүртэл хугацаанд нас барсан хүнд 536 ширхэг, 2012 оны 4 дүгээр сарын 12-ноос хойш нас барсан хүмүүст 1072 ширхэг хувьцаа байгаа. Гагцхүү хувьцаа арилжаанд ороогүй учир өвлөх эрх одоогоор үүсээгүй. "ЭТТ" ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд арилжиж, нээлттэй болсон үед үр хүүхэд, гэр бүлийн хүн хувьцааг нь эзэмшиж үнэт цаасыг шилжүүлэн авах, улмаар давхар ногдол ашиг хүртэх эрхтэй болно. Ингэхдээ өв залгамжлагч гэр бүлийнхэн үнэт цаасны компанид бүртгүүлэн хувьцааг ногдол ашигтай нь хамт авах эрхээ нээлгэж, эдгээрийг хэзээ ч авч болно. - Хүүхдүүдийн тухайд, 2012 оны 4 дүгээр сарын 11-нээс өмнө төрсөн бол ebarimt аппликейшн ашиглах болон ebarimt.mn сайтад хүүхдийн регистрийн дугаараар шинээр бүртгэл үүсгэхэд ebarimt системээс автоматаар тухайн хүүхдийн мөнгөний дансыг санал болгоно. Эцэг эх нь зөвшөөрсөн тохиолдолд тийм гэсэн товчлуурыг дарснаар баталгаажиж, “ЭТТ”-н хувьцааны ногдол ашгийн мөнгө хүүхдийн данс руу орох аж. Тодруулахад, одоогийн 7 настайгаас доош хүүхдүүдэд хувьцаа олгогдоогүй учир ногдол ашиг олгох талаар төр, засгаас шийдээгүй, тодорхой бус байгаа юм. Нас барсан хүний хувьцааны эзэмшлийг тухайн хүний өв залгамжлагч гэр бүлийнхэн үнэт цаасны компанид бүртгүүлэн хувьцааг ногдол ашигтай нь хамт авах эрхээ нээлгэж, эдгээрийг хэзээ ч авч болно. Нас барсан иргэд болон багачуулд ногдох ЭТТ-н хувьцааны эзэмшлийг 2011-2012 оны үед 1072 хувьцааны талаар анхлан ярьж шийдсэн учир тухайн оноос эхлэн тооцжээ. Дашрамд мэдээлэхэд иргэдийн дансанд "ЭТТ" ХК-ийн ногдол ашгийн мөнгө ороогүй байгаа бол дараах үйлдлийг хийх боломжтой аж. Үүнд: 1072 хувьцааны ногдол ашгаа аваагүй байгаа иргэд үнэт цаасны компани дээрээ очиж, дансаа баталгаажуулж амжихгүй байгаа бол ebarimt аппликейшн ашиглан, ногдол ашгаа авах боломжтой. 158989 тусгай дугаар руу регистрийн дугаар /РД/-аа (эхний хоёр үсгийг латинаар бичнэ) илгээхэд танд байгаа хувьцааны хэмжээ болон үнэт цаасны данс нээлгэсэн компанийн нэр, холбогдох утасны дугаар ирнэ. Энэ дагуу тухайн үнэт цаасны компани руу холбогдоод лавлаж болно. Данс нээлгэсэн үнэт цаасны компанийн цахим хуудаст нэвтэрч, онлайнаар арилжааны банкны дансаа баталгаажуулж болно. Улаанбаатар /МОНЦАМЭ/.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?