ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ЗАНАЛХИЙЛЖ БУЙ ДӨРВӨЛ

2020-09-28  
Эдийн засаг, санхүүгийн шинжээчид дэлхийн эдийн засгийн ойрын ба алс ирээдүйд заналхийлэх гол эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлжээ. ТӨСВИЙН ХООСРОЛ Ерөнхийдөө дэлхийн тэргүүлэгч зах зээлүүдийн сэргэлтийн динамик өөдрөг байгааг онцолж байна. Жишээлбэл, АНУ-д ажилгүйдэл цар тахлын оргил үед Их хямралаас хойших хамгийн өндөр түвшинд буюу 14.7 хувьд хүрээд байсан бол наймдугаар сард огцом буурчээ. Хятадын эдийн засаг ч алгуурхан боловч тогтвортой өсөж, ЕХ-ны хамгийн том зах зээл болох Германы үйлдвэрлэл ч муугүй үзүүлэлттэй байгааг Блүүмбэрг агентлаг онцлов. Гэсэн хэдий ч одоо ажиглагдаж буй эерэг динамик нь дэлхийн зах зээлийг төсвөөр эрчимтэй "хооллож” байгаагийн үр дагавар болохоос биш хямралын хор уршиг ор тас арилж байгаагийн илрэл биш байх вий хэмээн эмээж байгаагаа зарим шинжээч хэлж байна. Хэрэв тийм бол өрийн дэмжлэг барагдахад зах зээлийн хоёр дахь хөрөлт эхлэх магадлалтай. Түүнчлэн, цар тахлын үеийн эдийн засгийн өсөлтийн оргил үе аль хэдийнээ өнгөрсөн гэж Pacific Investment Management хөрөнгө оруулалтын компанийн дэлхийн эдийн засгийн зөвлөх Иохим Фэлс тэмдэглэжээ. Цар тахлын хямралын сөрөг үр дагаврыг багасгах зорилгоор дэлхийн улс орнууд эхний хоёр улиралд өөрсдийн зах зээлдээ нийлүүлсэн бэлэн мөнгө бараг 20 их наяд ам.доллароор хэмжигдэж байгаа ч төрөөс бизнест үзүүлж буй дэмжлэгийн эерэг нөлөөлөл алгуурхан үгүй болж байна гэж шинжээч онцолжээ. АЖИЛГҮЙДЭЛ Коронахямралаас үүдэлтэй ажилгүйдэл ч цаашид толгойны өвчин хэвээр байх нь. Дэлхийн томоохон компаниудын ажилтнуудынхаа тоог цөөлөх төлөвлөгөө нь үүний нэг жишээ юм гэж Блүүмбэргийн шинжээчид иш татжээ. Дэлхийн хамгийн том чингэлэг тээврийн оператор AP Moller-Maersk A/S удахгүй “хямралын эсрэг” бүтцийн өөрчлөлт хийхээр болсноо мэдэгдсэн бөгөөд үүний үр дүнд хэдэн мянган хүн ажлын байргүй болно. Түүнчлэн “Ford Motor” АНУ дахь ажилтнуудынхаа 5 орчим хувийг, “United Airlines Holdings” 16 мянга орчим ажлын байрыг цомхотгохоо мэдэгдээд байгаа юм. Олон эдийн засагч дэлхийн ДНБ ирэх жил, үгүй бол 2022 онд хямралын өмнөх хэмжээнд хүрнэ гэж таамаглаж байгаа хэдий ч тэр үед ажил эрхлэлт урьдын хэмжээнд хүрнэ гэдэгт бүгд эргэлзэж байгаа нь хачирхалтай. Энэ нь ажилгүйдлийн шоконд харьцангуй бэлэн биш байсан залуучуудын бүлэгт хамгийн хүндээр тусна гэж үзэж байна. ХЭМНЭЛТИЙН ГОРИМ Өргөн хүрээг хамарсан хөл хорио болон эдийн засгийн нөхцөл байдал ерөнхийдөө муудаж байгаад түгшсэн хэрэглэгчид хатуу хэмнэлтийн горимд шилжсэн. Жишээлбэл, цар тахлыг хамгийн түрүүнд даван туулж чадсан хятадууд ч ердийн хэрэглээний горимдоо буцаж ороогүй байгаа нь вирус дахин дэгдэж болзошгүй гэх айдастай нь холбоотой байж болох юм. Оросууд 2020 оны эхний 6 сард зардлаа дунджаар 11.5 мянган рублиэр бууруулсныг FinExpertiza Аудит, зөвлөх үйлчилгээний олон улсын сүлжээний судалгаа харуулжээ. Зарим бүс нутагт энэ тоо 41 мянган рубльд хүрсэн бол аялал жуулчлал, хувцас, зоогийн газарт үрэх зардлаа хамгийн их хэмнэжээ. Оросууд хүнд үед санхүүгийн нөөцтэй байхыг илүүд үзэж байгаа нь хэмнэлтийн гол шалтгаан боллоо гэж Известия сонин онцлов. ДАХИН ДЭГДЭЛТ Дэлхийн олон улс оронд коронавирусний халдварын дахин дэгдэлт бүртгэгдсэн ч тэдгээр нь ихэвчлэн хяналтдаа бүрэн авах боломжтой орон нутгийн хэмжээний голомт байв. Вакцин гарсан ч цар тахал өргөн хүрээнд дахин дэгдэх эрсдэлийг тооцоолох ёстой. Учир нь гарган авсан вакциныг дэлхийн хэмжээнд хүртээмжтэй болгоход багагүй хугацаа шаардлагатай гэж Брукингсийн хүрээлэн, Австралийн үндэсний их сургуулийн мэргэжилтэн Варвик МакКиббин анхааруулжээ. Түүний таамаглалаар цар тахлаас хүлээх дэлхийн эдийн засгийн алдагдал 2025 он гэхэд 35 их наяд ам.долларт хүрч болзошгүй байна. Эх сурвалж: Bloomberg, Известия, COFACE
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?