ИСЛАМЫН ЗӨНЧ МУХАММЕДЫН ШОГ ЗУРГИЙГ ХИЧЭЭЛДЭЭ ҮЗҮҮЛСЭН БАГШИЙН ТОЛГОЙГ ТАСДАВ

2020-10-18  

  Францын нийслэл Парис хотын нэгэн дунд сургуулийн түүхийн багш сурагчдадаа исламын шашны зөнч Мухаммедын шог зургийг хичээлийн үеэр үзүүлсний төлөө амь насаа алджээ. Мухаммедыг шоглон доромжиллоо гэж үзсэн ислам эрчүүд багшийг гадаа гудамжинд барьж, балиусаар толгойг нь тас цавчижээ. Дээрх гэмт хэрэгтнүүдийн үйлдлийг журамлахаар очсон эргүүлийн цагдаа нарын өөдөөс хутга барин давшиж, эсэргүүцэл үзүүлсэн тул тэднийг газар дээр нь буудахаас өөр зам цагдаа нарт үлдээгүй байна. Зөнч Мухаммедын шог зургийг сурагчдад тэрхүү түүхийн багш үзүүлэх болсон шалтгаан нь Парис хотод үргэлжилж буй шүүх хуралтай холбоотой байсан байна. 2015 онд Шарли Эбдо сэтгүүлийн газарт болсон террорист халдлагын хэргийг шүүх хурал Парис хотод ид үргэлжилж буй юм байна.

  Тухайн үед зөнч Мухаммедын шог зургийг нийтэлснийхээ төлөө сэтгүүлийн редакц халдлагад өртөж, 12 хүн амиа алдсан тухай түүхийн багш тайлбарлахдаа Мухаммедын шог зургийг үзүүлчихсэн нь амь насаа алдахад хүргэжээ. Энэ хэрэг дээрх хичээл орсноос нэлээд хэд хоногийн дараа болсон байна. Зөнч Мухаммедын шог зургийг үзүүлсэн тэрхүү хичээл орсноос хойш муслим гарал үндэстэй нэлээд олон сурагчийн эцэг эхээс сургуулийн захиргаанд гомдол ирж байсныг өнөөдөр сургуулийн захиргаа дэлгэж байна. Гэхдээ л тэдгээр гомдол гаргасан сурагчдын ар гэр, эцэг эх, хамаатан садан тэдгээр гэмт хэрэгтнүүдийн дотор байгаагүйг Францын Цагдаагийн байгууллага тогтоожээ. Дэндүү харгисаар үйлдсэн гэмт хэргийн газар Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өөрийн биеэр очиж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь ардчиллын гол ололтын нэг. Энэ үзлийг дэлгэрүүлж, үзэл бодлоо илэрхийлэх хичээл заасны төлөө түүхийн багш амиа алдлаа. Энэ бол аллага. Үүнийг “исламын террорист халдлага” гэж үзэж байна гэж тэрбээр байр сууриа илэрхийлсэн. Мөн Францын парламент ч чуулж, алагдсан багшид хүндэтгэл үзүүлжээ. Мороко улсад албан ёсны айлчилж байсан Францын дотоод хэргийн сайд Жеральд Дарманин ч айлчлалаа зогсоож, Парист яаралтай буцаж ирсэн нь Францын төр засгийн бүх түвшинд уг гэмт хэрэгт дээд зэргийн анхаарал тавьж буйг илтгэлээ. Мөн Францын Боловсролын сайд Жан Мишель Бланкер уг хэргийг зөвхөн хувь хүний эсрэг биш, Францын Бүгд Найрамдах Улсын эсрэг үйлдсэн халдлага гэж нэрлээд исламын терроризмийн эсрэг нэгдэхийг иргэдэд уриалсан байна. Одоогоор гэмт хэрэгтнүүдийг газар дээр нь устгаснаас өөр мэдээллийг гадагш нь цацаагүй хэвээр байна.

  Франц улс нь баруун Европт хамгийн олон буюу 5 сая орчим муслим хүн амтай гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл арабчуудад албан бусаар " эзлэгдсэн" европын улс юм. Францын колони байсан Африк, Арабын улс орны цагаачид Францад дүүрсэн. Тиймээс Исламын шашин нь шүтэгчийнхээ тоогоор Францад хоёрт ордог болсон. Сүүлийн үед тус улсад чечен иргэдтэй холбоотой гэмт хэрэг олноор гарах болсон байна. Газрын дундад тэнгисийн эргийн Ницца хот, баруун бүсийн Сэйн Дизиер хотуудад чеченүүдтэй холбоотой гэмт хэрэг, хүчирхийлэл сүүлийн саруудад олон удаа гарч байгаа. Тиймээс гэмт хэргийн ул мөр нь Чеченүүдтэй холбоотой байх магадлалыг Цагдаагийн газраас дэвшүүлсэн байна. Тухайлбал, Москвад төрсөн 18 настай чечен залуу аллагыг үйлдсэн гэж Францын зарим хэвлэлд бичиж эхэлсэн байна. Чеченүүд яагаад Францад олноороо оршин суух болсныг 1990-ээд оны үед ОХУ-д болсон Чечений дайнтай холбож тайлбарлаж байна. Тухайн үед Франц улс чеченээс дүрвэсэн олон иргэдэд улс төрийн орогнол олгосон ажээ. Ийнхүү түүхийн багшийн толгойг гэгээн цагаан өдрөөр гудамжинд тас цавчсан гэмт этгээд нь Чеченээс гаралтай байх магадлал өндөр болжээ.

- Манай сэтгүүл сүйрэхгүй. Бид хэзээ ч бууж өгөхгүй гэж Чарли Хебдо сэтгүүлийн эрхлэгч Лоран Сурисо дээрх гэмт аллагын дараа мэдэгдсэн. Зөнч Мохаммедийн шог зургийг анх Дани улсын Юлиан Пост сонин 2005 онд хэвлэснээр хойш асуудалтай тулгарсан. Үүнийг нь яг жилийн дараа Чарли Хебдо сэтгүүл авч нийтэлсэн нь мөн л асуудал дагуулсан. Энэхүү шог зурганд Исламын зөнч Мохаммедийг гартаа судар биш, тэсрэх бөмбөг атгаснаар дүрслэн зурсан байдаг. Үүнийг нийтэлснийг нь төлөө муслим ах дүү Сайд болон Шериф Куаши нар 2015 онд уг редакци руу дайрсан.   Сэтгүүлийн редакцийн ажилтнууд болон уг сэтгүүлийн газрын хамгаалалтын хоёр цагдааг оролцуулаад нийт 12 хүний амь насанд халдсан үйлдлийг өнөө хүртэл шүүж дуусаагүй байна. Нийтдээ 14 гэмт хэрэгтэнд ял тохох юм. Гол аллага үйлдсэн ах дүү хоёрыг газар дээр нь устгасан ч, холбогдол хүний 14 хүнийг шүүж буй юм. Чарли Хебдо сэтгүүл нь долоо хоног тутмын улс төрийн сэтгүүл. Энэхүү сэтгүүл нь дахин сэргэж, онлайн хэлбэрээр нийтэд түгэж буй юм байна.
 
 
Э.ОТГОО
 
 
 

 

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?