Алдагдалтай төсөв батлах гаж тогтолцоо ирэх онд ч үргэлжилнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2,1 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. Засгийн газраас төсвийн төсөл нь цар тахлын үед нэмэгдэж буй төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэж тайлбарласан. Засгийн газрын оруулж ирснээр 2021 оны төсвийн орлого 11.8 их наяд төгрөг харин нийт зарлага 13.9 их наяд байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл зарлага нь орлогоосоо даруй 2.1 наяд төгрөгөөр давжээ. Үүнд АН шүүмжлэлтэй хандаж байна. - Сангийн яам төсөвт маш хариуцлагагүй хандаж байна. Монгол Улсын төсөв хэдэн их наяд төгрөгийн алдагдал хүлээх нь ойлгомжтой болчихлоо. Халамжийн бодлого хавтгайрч, хяналтаа алдлаа. Өнөөдөр 73 төрлийн халамж өгч байна. Үүнийг цэгцлэхгүй бол халамжийн бодлого ядууралд түлхэх бодлого болж байна гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат намынхаа байр суурийг хурцаар илэрхийлэв.
Э.ОТГОО