Нүх болгонд ордог “оготно”

2020-10-26  

Г.ЖАМЬЯН

(Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч)

Нийслэл, орон нутгийн сонгууль их л хэл амтай болж өнгөрөх шиг боллоо. Корона, цагдаа хоёр хавчаад хэр барагийн бузар булхайг ч гаргаж ирсэнгүй, нам дарах нь тэр.

Хамгийн сонирхолтой, хүмүүсийн ярьж байгаагаар “эмгэнэлт жүжиг” нийслэлд боллоо. Аравдугаар сарын 23-нд НИТХ-ын анхдугаар хуралдаан, өнөөх хэзээ язаагүй хуйвалдаанаар  худалдагдах гэж байгаа “Хангарьд” ордонд болов. Энэ хуралдаанаар НИТХ-ын 11 тэргүүлэгч, ИТХ-ын даргыг сонгож батлан, нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагчид Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлсэн юм. НИТХ-ын тэргүүлэгчид Ардын намын найм, Ардчилсан намын хоёр, Хөдөлмөрийн үндэсний намын нэг тэргүүлэгчийг олонхиороо сонгож баталлаа. Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгалангийн нэрийг намаас дэвшүүлэн 80 гаруй хувийн саналаар батална билээ. Би бодохдоо, гайгүй сайн ажилласан , 21 сая төгрөг хувааж авахад хүртэл оролцоогүй Р.Дагвыг улираан сонгох байх гэж байсан юм. Тэгсэнгүй.

Ж.Батбаясгалан гэж  хэн юм бэ?! Дүүрэгт   ажиллаж байгаад хотод ирж “тохом эгшээх” чөлөөгүй дээшээ дэвшиж яваа 37 настай залуу. Улсын нийслэлийг удирдах хэмжээний зангарагтай хүн үү, биш үү гэдэг дээр хүмүүс олон л янзаар ярьдаг. Миний хувьд бол мэндийн зөрөөтэй ах минь, дүү минь гээд явж  л байдаг. Хүнд хал гэмгүй, даруухан залуу. Гэвч хэлмээр зүйл бий. Шахмал түлшний хувьд хамгийн том алдаа гаргасан гурван хүний нэг нь яах аргагүй Ж.Батбаясгалан. Монголд шударга хууль үйлчилж, өнгө мөнгөний биш шүүгч прокурорууд ажилладагсан бол ноднин жил Ж.Батбаясгаланг У.Хүрэлсүхтэй нь, С.Амарсайхантай нь “хар гэрт” суулгачих байсан.  Хотын утааг бууруулъя гэсэн санаа нь зөв боловч буруу гараар хийж 15 сайхан хүн амиа алдсан. Өнөө жил халуун намраар лав л дөрөв таван хүн шахмал түлшинд угаартаж нас барах шиг болсон. Тэгээд нуучихсан байх л даа.

 Би яагаад энэ хүмүүсийг буруутгаад  байна гэхээр, монголчууд чинь хэдэн мянган жил түлээ нүүрсээ түлээд, тулга зуухаа галлаад сурчихсан ард түмэн шүү дээ. Тэгтэл шахмал түлш түлээд л угаартаж нас бараад байдаг. Өөрсөддөө буруу өгдөггүй, дандаа л иргэдийн буруу болж, бараг л  “хохь чинь” гэж доромжилоход хүрэхээр нь би харамсдаг юм. Хотын удирдлага, тухайлбал Ж.Батбаясгалан шахмал түлш түлэхээс өмнө ямар ч сурталчилгаа хийгээгүй, зөвлөгөө өгөөгүй. Харин ч бүр шуудайн дээр нь “Ямар ч зууханд түлж болно” гээд томоор биччихсэн байж билээ. Уул нь бурууг өөрсдөөсөө, үйлдвэрээсээ, орц найрлагаасаа эрэх ёстой байсан л даа. Тэгтэл “Чи л буруу галлаад” гэж тэр үхэл хагацал үзэж байгаа иргэдээ зэмлээд, буруушаагаад байхаар чинь хүмүүс зэвүүцсэн л дээ.

Улаанбаатар хотод нүдэнд үзэгдэх утаа буурсан ч хүхэрлэг хий гэдэг хортой агууламж  нь хэд дахин нэмэгдсэн гэсэн. Тэр чинь, биднийг далдуур хорлоод хордуулаад байгаа юм биш үү. Адаг сүүлд нь өнөөх төрийн ажилтнууд маань гэр хорооллоор явж айлуудын яндан хөөлдөг ажилтай болсон. Мөн ч ядарсан арга шүү. Би Төрийн албаны зөвлөлийнхнөөс асуулаа. “Та нараас авдаг шалгалтад чинь: Айлын яндан хөөлөх гэсэн  асуулт байдаг юм уу” гэж.   Тэд толгой сэгсрээд инээнэ билээ. Энэ бол Ж.Батбаясгалан даргын холбогдолтой хамгийн эхний асуудал. Хотын дарга, орлогчидтой холбоотой бас нэг ноцтой асуудал гарсан. Хараа хяналтгүй тогтмол усанд дөрвөн хүүхэд живж нас барсан. Зөвхөн энэ чинь л  хотын удирдлагуудыг огцруулах хангалттай үндэслэл. Тэгтэл, дөрвийн дөрвөн хүүхдийн алтан амийг авч явсан энэ хариуцлагагүй хэрэг явдалд Хотын дарга нараас хариуцлага хүлээсэн, шийтгүүлсэн хүн бий юу. Энэ дарга нар гэр бүлийнхнээс нь уучлал гуйж, сэтгэл санааны болон эд материалын ямар тусламж дэмжлэг үзүүлсэн бэ?  Тэр тогтмол устай газрын эздэд ямар арга хэмжээ авч тэр газрыг засч тохижуулсан уу? Харуул хамгаалалттай болгосон уу? Ийм олон асуултад ил тод хариулт өгөхгүй, хууль хяналтынхантай хуйвалдаад өнгөрч байгаа юм.  Бодвол их мөнгө хөрөнгөөр аргалсан байх л даа. Тэгэхэд, прокурорынхон санаачилга гаргаад, хүүхэд тоглох газаргүй тэр хорооныхонд,  амь  үрэгдсэн хүүхдүүдийн гэгээн дурсгалд зориулан ямар сайхан тоглоомын талбай барьж, тохижуулж өгсөн гээч. Ийм л  ухаан муутай удирдлагуудын нэг нь яах аргагүй Ж.Батбаясгалан. Энэ хүний тухай бичвэл өөр ч олон ноцтой баримт бий. Өнөөх коронагийн хандивын мөнгөнөөс сая саяар нь авчихсан хүний нэрсийн жагсаалтын хамгийн эхэнд Ж.Батбаясгалан гээд байж л байгаа.

НИТХ нь ийм даргатай болж байхад Засаг даргын томилгоо гэж ёстой л эмгэнэлт жүжиг болсон доо. Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатарын захирагчид нэр нь дэвшиж байгаа сургаар сурвалжлагч уулзаж ярилцахад “Нүх болгонд ордог оготно биш” хэмээн томорч байсан аварга Д.Сумьяабазар маань нүүрээ улалзуулаад танхимд ороод ирдэг байгаа. “Намын бодлогоор л ингэж явна” гэж гоншигоноод.

Сонгинохайрхан дүүргийнхний итгэлийг хүлээн Монгол төрийн эрхэм дээд сэнтийд заларч байгаа хүн чинь гэв гэнэтхэн УИХ-ын гишүүнээсээ татгалзан Нийслэлийн засаг дарга болохоор ирж байгаа нь энэ. Хуралдаан дээр төлөөлөгчдийн асуултад хариулж байгаа, хэлсэн ярьсан зүйлээс нь манай ард түмэн энэ хүнийг ямар мэдлэг боловсролтой, ямар ааш араншинтай, юуны төлөө сонгогчдынхоо санал хүсэлтийг золиослон зүтгэж байгааг бүрэн дүүрэн ойлгосон байх. Хотын даргад байтугай, хорооны даргад жижигдмээр харагдана билээ. Сонгинохайрхан дүүргийг хамгийн ядуу дүүрэг болгосон гол эзэн яах аргагүй Д.Сумьяабазар. Олон үзүүлэлтээр хотод сүүл барьж яваа. Үүнийг төлөөлөгч Д.Пүрэвдаваа нар зөв шүүмжилсэн чинь өрвөлзөж, барьцаж байгааг нь хардаа. Олон жил Хотын намын хороог удирдсан Д.Сумьяабазарт чинь аль ч дүүрэг, хороо, иргэн бүхэн хамаатай. Д.Сумьяабазар гэж хүн Ерөнхий сайдаар батлагдаад тамга бариад олбогтоо суувал, цөөнхийн бүлгийн хэдэн хүнд хэцүүхэн үе ирэх байх даа хэмээн өөрийн эрхгүй бодогдсон. Тэгээд намын бодлого гэдэг түрэмгий хүч түрэлтээр 71 хувийн санал авч Нийслэлийн засаг даргад нэр нь дэвшигдээд явсан. Өнөөх “нүх болгонд ордог биш “оготно” маань, орох гэж зүтгэх нь тэр. Манай ард түмэн, тэр дундаа нийслэлийнхэн Д.Сумьяабазарыг, сайндаа ч хотын дарга болох гэж зүтгээгүй, хувийн ашиг сонирхлын үүднээс гэнэт орж ирсэн гэх юм билээ. Д.Цэнд-Аюуш гэж хүн: “Хэрвээ Улаанбаатар Хотын сая гаруй иргэний татварын мөнгөөр цирк, банк хоёрынхоо “амийг аврах” гэж , гэр бүлийнхээ эрх ашгийг хамгаалахаар ирсэн бол ийм зүйл болгохгүйн тулд одоо ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хотын даргын үйл ажиллагаанд хяналт тавих нь маш чухал байна” гэж бичсэн байх юм. Энэ бол Улаанбаатар хотын иргэдийн нийтлэг бодож байгаа бодол байх. Ер нь тэгээд , юм юманд олонхиороо түрээ барин хэн нэгэн хүнийг зүтгүүлчихдэг нь манай намын удирдлагын буруу л даа. Би бодож байсан юм. Нийслэлийнхнийхээ итгэлийг хүлээн сонгогдож ирсэн 45 төлөөлөгчөөсөө чөлөөтэй нэр дэвшүүлэх замаар 3-4 хүнийг өрсөлдүүлж хэн олонхийн санал авсныг нь Нийслэлийн Засаг дарга болгох байх гэж. Ардчилал маань энэ л дээ. Тэгтэл бүр эсрэгээр, Хотын ИТХ-ын төлөөлөгч биш, УИХ-ын гишүүн хүнийг тэр албанаасаа чөлөөлөгдөөгүй байхад НИТХ-д оруулж ирж байдаг нь яавч буруу. Үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудыг зөрчихөөр яарч сандран УИХ-аа хуралдуулан чөлөөлж байгаа нь буруугаас буруу. Ард түмэн итгэл хүлээлгээд НИТХ-д сонгочихсон 45 хүн дотор чинь Хотын даргыг хийчихээр чадал чансаатай залуучууд зөндөө байгаа. Тэднийг басч доромжилж байгаа юм уу?! УИХ-ын гишүүнийг чөлөөлүүлж, дахин сонгууль явуулж зардал чирэгдэл болгуулахаар Д.Сумьяабазарыг хүч түрэн дарга болгож байгаа нь яавч зөв шийдэл биш.

Үүний ард манай МАН-ын удирдлага У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар байгаа нь  нууц биш. Ер нь хэт их эрх мэдэлд хүрэхээр нам ч “бузартдаг” юм байна. Хүн ч “бузартдаг” юм байна. Миний 60 жил батлахыг нь хадгалж яваа нам арай ч ийм нам байгаагүй л юмсан. Миний “Хүрэлсүх” гэсэн хөрөг бичин хамгаалж байсан Ухнаагийн Хүрэлсүх ч ийм “толгой нь эргэсэн” залуу байгаагүй.

“Шудрага ёсыг тогтооно” гээд л ханхалзаад байсан Ерөнхий сайд маань юу болов! ЖДҮ-гийн гэмт этгээдүүдийг яав? Казахын ард түмний төлөөлөл Г.Солтан мэтийн цөөн хэдэн хүнийг шоронд явуулаад найз танилуудаа аваад үлдсэн, одоо бүр цалин хангамж сайн, өндөр дээд албанд томилчихоод байгаа. Ийм алагчлал Монгол даяар явж байна.

Бусад нь яахав ээ, би У.Хүрэлсүх дүүдээ дэндүү итгэж явсан юм сан. Энэ Монголыг МАНАН мафийн гар савраас салгаж, улс орныг минь хөгжүүлнэ, ард түмнийг минь аз жаргалтай амьдруулна гэж итгэж явлаа. Ард түмний  дийлэнх олонх ч тэгж л  бодож байсан байх. Тэгтэл өнөө хүн маань, Тусгаар тогтнолын ордны зүүн доод давхарт “НАМЗХ” гэсэн хаягтай өрөөнд байрлан инээж хөхрөөд явдаг, тайзан дээр гараад гитардаад хөөрхөн дуулчихдаг Хүрэлсүх биш, гадна талыг нь “шударга ёс” гэдгээр алтадсан хүрэл сүх л болсон байна. Ард түмнээ ялгаварлаж, аль мөнгөтэй луйварчдыг нь түшиж, сүнсгүй амлан, сүүлгүй боохой шиг загнасан Ерөнхий сайд нар өнөөдөр хаана байгаа билээ дээ?! Шудрага сонгууль явуулж, саналыг  гараар тоолдог болсон хэзээ нэг цагт өнөөдрийн Ерөнхий сайдад ч ийм хувь тавилан ирэхийг байг гэх газаргүй хэмээн өвгөн сэтгүүлч нь сануулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:Их хурлын гишүүнээсээ татгалзаад хотын дарга болно гэдэг чинь том эрх ашиг, шунал явж байгаан шүү, зааны хүүхдүүд шуналын туламнууд юм даа, ард нь бас жэбэнүүд байгаа гэж ярих юм 2020-10-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?