САМСУНГИЙН ТАЛИЙГААЧ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХӨРӨНГИЙГ ГУРВАН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ ХУВААЖ ЭЗЭМШИНЭ

2020-10-28  

Өмнөд Солонгосын хамгийн том компани Самсунг группын ерөнхийлөгч Ли Кун Хэ өнгөрсөн Ням гарагт таалал төгссөнөөр түүний хөрөнгийн өв залгамжлалын асуудал яригдаж эхэлжээ.

Ли Кун Хэ агсан хоёр охин, нэг хүүтэй. Ууган хүү Ли Жэ Ён нь одоо Самсунг группын дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг. Тэрбээр эцгийгээ хэвтэрт байсан сүүлийн зургаан жил орчим хугацаанд группын бүх асуудлыг хариуцаж, дэфакто ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

Том охин Ли Бү Жин нь группынхээ “Hotel Shilla” зочид буудал, татваргүй барааны дэлгүүрийн бизнесийг удирддаг байна. Харин бага охин Ли Сё Хюн нь “Samsung Welfare” сангийн ерөнхийлөгчөөр ажилладаг ажээ.

Самсунгийг үүсгэн байгуулагч Ли Бюн Чул 1987 онд нас барахдаа гурав дахь хүү Ли Кун Хэд группээ өвлүүлж, бусад хүүхдүүддээ тус тусын компаниудыг нь салгаж эзэмшүүлсэн түүхтэй.

Энэ удаа Самсунгийн бизнесүүдийг Ли Кун Хэгийн гурван хүүхэд авга нар шигээ хувааж авах уу гэсэн асуудал яригдаж байна. Гэхдээ өнөөдрийн Самсунг группын удирдлагын нарийн төвөгтэй бүтэц, брэндийн хүч нөлөөг харгалзаж үзвэл хуваалгүй нэг тугийн дор ажиллах нь илүү ашигтай гэж шинжээчид дүгнэжээ.

Хоёр охиных нь том болох Ли Бү Жинээс ийм амбиц гарч болох ч өнөөдрийн нөхцөл байдалд бараг боломжгүй гэж ажиглагчид дүгнэсэн байна. Тэрбээр 2010 оноос хойш группынхээ зочид буудал, татваргүй барааны дэлгүүрийн бизнесийг амжилттай удирдаж, чадварлаг бизнес эмэгтэй гэдгээ харуулснаар “Бага Ли Кун Хэ” хочтой болсон юм.

Гэхдээ түүнд “Hotel Shilla” бизнесийн салбарт шууд эзэмшил байхгүй. “Hotel Shilla” бизнесийн 7.43 хувийг Samsung Life, 5.11 хувийг Samsung Electronics, 3.1 хувийг Samsung Securities компаниуд эзэмшдэг бол 10.1 хувийг нь Өмнөд Солонгосын Үндэсний Тэтгэврийн Сан эзэмшдэг ажээ.

Ли Кун Хэ агсны хоёр охин Samsung C&T компанийн тус бүр 5.5 хувь, Samsung SDS компанийн тус бүр 3.9 хувийг эзэмшдэг.

Тэдний ах Ли Жэ Ён нь Samsung C&T-ийн 17.33 хувь, Samsung SDS-ийн 9.2 хувь, Samsung Fire and Marine Insurance компанийн 0.7 хувь, Samsung Engineering-ийн 1.54 хувь, Samsung Electronics-ийн 0.09 хувь, Samsung Life Insurance компанийн 0.06 хувийг эзэмшдэг ажээ.

Талийгаач Ли Кун Хэгийн эзэмшдэг даатгалын компанийн 20.76 хувь, Samsung Electronics-ийн 4.18 хувийг одоо гурван хүүхэд нь хувааж өвлөх юм.

“Hotel Shilla” коронавирусийн цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний улиралд 60 тэрбум воны алдагдал гаргасан нь тус компанийн түүхэнд анх удаа ашиггүй ажилласан тохиолдол болжээ. Энэ нь Самсунг группээс салахгүй байх бас нэг шалтгаан гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: Korea Times

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?