ХҮҮХЭНБААТАРЫН ГАНБААТАР-Т (ИЛ ЗАХИДАЛ)

2020-10-29  

 Сайн байна уу багын анд минь. Сайхан намаржиж байна уу? Гэр бүл, ажил төрөл нь сайн биз дээ. 2020 оны орон нутгийн сонгуулиар миний удирдаж зохион байгуулсан Дундговь аймгийн Ардчилсан нам түүхэндээ анх удаа ялалт байгуулж аймгийн ИТХ-ын дийлэнхи олонхийн суудлыг бүрдүүлж засаглалыг хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Энэ ялалт бол энэ нутагт ажиллаж амьдарч байгаа олон мянган иргэд сонгогчдын итгэл, хүлээлгэж буй хариуцлага юм. Мөн Ардчиллыг дэмждэг олон мянган гишүүд дэмжигчдийн маань хүсэл мөрөөдөл байлаа. Чиний аавын удирдаж байсан, чиний зүтгэж байсан намын ялалт юмаа. Чамайг 2012 онд улс төрийн хариуцлага хүлээгээд намаас хасагдаж байсныг би мэднэ ээ. . 2016 онд ХҮН-ыг удирдаад сонгуульд орж байсныг чинь бас мэднээ.

Ардчиллыг дэмждэг олон мянган гишүүд дэмжигчид энэ ялалтанд баярлаж байхад чамайг бухимдаад байгаад би ойлгохгүй байна. Гэхдээ яах нь чиний асуудал. Бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг тэр нийгмийн чинь төлөө зүтгэж байгаа юм. Сүүлийн үед чиний ДУНДГОВИЙНХОН группдээ оруулж байгаа мэдээлэл чинь үзэл бодлоо илэрхийлэх гэхээсээ илүү нийгмийн сэтгэлзүй рүү турхирсан, өдөөн хатгасан, доромжилсон үйлдэл болж хувирлаа. Би чиний наад ДУНДГОВИЙНХОН группт чинь байдаггүй учир олж уншдаггүй юм байна. Журмын нөхөд, дотны андууд орж ирж хэлж, бас үзүүлж байна. Би уг нь тоосон ч үгүй, тоохыг ч хүссэнгүй. Гэхдээ нөхдийн зөвлөмжөөр тайлбар хийхээр боллоо. Ардчилсан нам бол үндсэн дүрэмтэй, олонхиороо асуудлаа шийддэг дотоод ардчилалтай үндэсний хэмжээний улс төрийн хүчин. Намын дүрмээр ялалт байгуулсан намын дарга засаглалыг хэрэгжүүлдэг учиртай. Тийм ч учраас намын бүлгийн гишүүд намайг бүрэн дэмжсэн юм.

Бүлгийн гишүүдийн олонхийн саналаар бусад томилгоонууд хийгдэнэ ээ. Цөөнх нь олонхио дагадаг, олонхи нь цөөнхөө хүндэлдэг энэ бол ардчиллын суурь зарчим юм. Бас намайг хэн нэгэн улс төрчийг хуурч мэхэлсэн, ялалтын бялууг өөрөө хүртэх гэлээ гэсэн мессежийг нисгэж байх шиг байнаа. Тийм юм байхгүй ээ. Сая болж өнгөрсөн сонгуульд АН, ШИНЭН, МАХН зэрэг улс төрийн хүчнүүд бие биеэ дэмжиж оролцсон. Р.Эрдэнэбүрэнг сонгуулийн менежерээр томилон ажиллуулсан. Дээрх намын удирдлагууд болон менежертэйгээ бид сонгуулийн өмнө сандал суудлын тохироо хийгээгүй. Бидний нэгдсэн зохион байгуулалт, сонгуулийн менежмент ялалтын нэг хэсэг байсныг итгэлтэйгээр хэлж чадна аа. Цаашдаа ч бид мөрийн хөтөлбөр, хөгжлийн шийдлээ хэрэгжүүлэхэд багаараа хамтарч ажиллана гэж бол тохирсон.

Миний багадаа барилддаг байсан уу, уралддаг байсан уу тэр одоогийн хийх ажил, ирээдүйн хүсэл зорилгод хамаагүйээ. Би чам руу утасдаад ярьж болох байлаа гэхдээ чамайг олон нийтийн сүлжээнд хандаж байгаа болохоор би ч тэр сувгаар чинь хариу өгөхийг бодлоо. Анд минь чи бид хоёрт ам зөрсөн нэг удаа байхгүйг би санаж байна. Бие биенээ элдэвээр гутаах шалтгаан ч байхгүй гэж бодож байна. Чи бид хоёр хэн хэн нь биенээсээ гуйхгүй амьдралаа аваад явж ирсэн хүмүүс. Одоо хэдүүлээ бие биенээ харлуулж гомдоохгүй, өнгөрснөө мартан ирээдүйгээ харж, нутаг орныхоо хөгжлийн төлөө хамтдаа гарц шийдэл хайж урагшилцгаая.

Цагаанхүүгийн МӨНХБАТ 2020.10.24

Цагаанхүүгийн Мөнхбат. Дундговь аймгийн АН-ын дарга. 2020 оны орон нутгийн сонгуульд АН -аа зангидан удирдаж Дундговь аймагт анх удаа түүхэн ялалт байгуулсан гавьяатай улс төрч. Дундговь аймаг дахь АН-ын мянга мянган гишүүд, дэмжигчдийн "Ялалт байгуулах" 30 жилийн хүсэл мөрөөдлийг бодит үр дүн болгон биелүүлж чадсан түүнийг намын бүлэг нь Дундговь аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр болсон байна. Яг л нийслэл хотод намаа олонх болгосон Нийслэлийн МАН-ын хорооны дарга Сумьяабазарын адил, ялсан намын дарга засаглана зарчмаар Аймгийн Засаг даргад Мөнхбат нэр нь дэвшсэн. Тун удахгүй, 11-р сарын 3-нд Дундговь аймгийн ИТХ хуралдаж энэ асуудлыг хэлэлцэн баталгаажуулах юм. Харин Мөнхбатыг ил захидал бичихэд хүргэсэн Ганбаатарын тухайд хэдэн үг хэлэх нь зөв гэж саналаа. Ганбаатар нь АН-ын угшилтай, бүр аймгийн намын хорооны гишүүний сонгуультай нэгэн байж, цагтаа.

Аймгийн Намын хорооны дарга, Нийслэл хотын засаг дарга, Ерөнхий сайд Наранцацралт асаныг бараадаж намдаа ч тэр, хувьдаа ч тэр байр сууриа бэхжүүлсэн гэдгийг журмын нөхөд нь хэлдэг. Улс төрд хүч үзэх санаа агуулж явсныг нь 2012 УИХ-ын сонгуулиар намынхаа жагсаалтад ч эрэмбэлэгдэж явсан нь гэрчилнэ. Намтайгаа тангараг тасрах болсон нь Дундговь аймгийн АН-ын Хорооны шийдвэрээр АН-аас хөөгдөж байснаас улбаалжээ. Тухайн үед АН-ын даргаар ажиллаж байсан Од-Эрдэнэд тэр үеэс хар буруу санаж эхэлсэн нь өнөө өширхөл болон хувирсан байна гэж журмын нөхөд нь дүгнэхэд хүрсэн. Намдаа гомдогсдын нэг гэж түүнийг хэлэх нь багадна. Тэрбээр АН-аа " булшлах" зорилгыг тээж, 2016 оны сонгуулиар ХҮН намыг орон нутагтаа удирдан, АН, журмын нөхдийнхөө эсрэг ажиллаж улс төрийн хонзоглолоо тайлж ядаж байжээ. Түүний хүсэл биелсэнгүй. АН орон нутагт анх удаа ялалт байгууллаа. Намаасаа хөөгдсөн буруугаа хүлээх чадваргүй, тухайн үед намын дарга асан Од-Эрдэнэ, түүний ялалт байгуулсан өнөөгийн чадварлаг багт жийгдсэндээ улам багтарч буйн илрэл гэж түүнийг мэдэх АН-ын зарим гишүүд дүгнэж буй аж.

Д.БАТЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?