Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Их Британи, Умард Ирландын Вант улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн хамтын ажиллагаа, 12-р сар болох “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг ахиулах” дээд хэмжээний цахим уулзалтын талаар болон ирэх жил зохион байгуулагдах НҮБ-ын суурь конвенцын Талуудын 26-р бага хурлын талаар санал, мэдээлэл солилцлоо.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтэд тэр дундаа Монгол улсад тулгараад байгаа эмзэг асуудал болсон. Учир нь манай орон дэлхийн дулаарал буюу уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөх эрсдэлтэй 10 орны нэгд тооцогдох болсон. Энэ утгаараа бид уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд багагүй анхаарал хандуулан ажиллаж байна. Хэдийгээр манай орны хүлэмжийн хийн ялгарал өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад маш бага ч бид иргэдийнхээ өмнө болон Парисын хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүрэг, амласан амлалтаа ухамсарлаж хэлсэн зорилтдоо хүрэхээр хичээн ажиллана. Бид 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувь багасгах зорилтоо 22,7 хувь болгон нэмэгдүүлсэн том зорилтыг тавьсан. Энэ ч утгаараа хүлэмжийн хийн ялгарлын эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад санаачлагатай ажиллаж байна. Цаашид ч хийхээр төлөвлөсөн ажил их бий” гэдгийг онцоллоо.