Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. Тэрбээр "Шинэ жилийн баярыг байгууллагын хүрээнд нэгдсэн арга хэмжээ хэлбэрээр зохион байгуулж тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Ковид-19-ийн үеэр бид олон амаргүй шийдвэр гаргаж байгаагийн нэг нь энэ юм. Эдийн засгийн асуудал улс орны төсөвт хүндрэл учруулж байна. Тийм учраас бид наймдугаар сарын 1-нээс хойш дотоодын худалдаа үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ, спорт урлагийн арга хэмжээг хэвийн горимд шилжүүлэх чиглэлээр УОК-оос тодорхой шийдвэр гаргаж ажиллаж байна. "COVID-19-ийн нөхцөл байдал хоёр дахь давлагаа гэж нэрлэгдэж байна.
Бид өмнө нь Цагаан сарын баярыг тэмдэглээгүй. Наадмаа бас тэмдэглээгүй учраас шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх нь зөв гэж шийдлээ" гэв. Үйлчилгээний салбарт энэ асуудал хүндээр тусч байгаа ч 3.2 сая иргэдийн эрх ашгийг хүндэтгэх нь зөв. Төрийн байгууллагуудын нэгдсэн арга хэмжээг хориглохоос өөр аргагүй байна.
ЕБС-ийн сурагчдын амралтын талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "12 дугаар сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ.
COVID-19-ийн нөхцөл байдал хүндэрвэл цахимаар хичээллэх бэлтгэлээ бэлдчихсэн байгаа. ЭМЯ-тай хамтраад эрүүл сургууль, эрүүл цэцэрлэг гэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Аль болохоор танхимын хичээлийг үргэлжлүүлэх нь үр дүнтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа" гэлээ.