ТЭР ЗЭЭГЭЭ ӨСГӨСӨН НАГАЦ ЭГЧ НЬ БИ ШҮҮ ДЭЭ

2020-11-09  

Хурим хөтлөх бол миний сурсан ажлын нэг. Ээлжит хуримаа хөтлөв. Хурим ч нижгэр сайхан болов. Хуримлагч хүүгийн ААВ, ЭЭЖ-тэй нь би танил. Үе тэнгийнхэн. Хүүгийн аавтай нэг нутаг усных. Тэдний маань эрхлэх бизнес сүүлийн хэдэн жил цэцэглэж буй юм билээ. Хуриманд уригдсан зочдын дийлэнх нь хуримлагч хүүгийн Аав , Ээж хоёрынх нь найзууд байлаа. Монголын улс төр, бизнесийн овоо чөмөгтэй нөхдүүд ирсэн юмсанж. Бэрийн талынхан нь бас л ихээхэн сүр дуулиантай хүмүүс ажээ. ХУРИМЛАГЧ хүүгийн ААВ-ынх нь талаас ердөө нэг ширээ хүрэхтэй үгүйтэй ахан дүүс нь ирсэн байхыг анзаарлаа. Тэд нарыг сайн таних учир биечлэн очиж мэнд усаа мэдэлцэж, тамхиллаа. Гайхаж л суулаа. Уг нь тэднийхэн ах дүү маш олуулаа. Бүх хамаатан садангуудаа хуриманд урихад танхимд багтахгүй байж болно. Гэхдээ л хүүгийн ААВ ядаж л төрсөн ах, эгч, авга, нагац нараа хүүгийнхээ хуриманд урьж залаагүйд нь гайхлаа. Тэд нар нь дундаас доош амьдралтай эгэл боргил хүмүүс л дээ. Тэр нь хуриманд уриагүй шалтгаан нь биш байгаасай гэж хүснэ. Хуриманд морилсон сүржин даржин улсуудын дэргэд ганцхан ширээнд сууж буй танилынхаа ахан дүүсийг нь ажлаа. Садан төрөл ах дүүгийнхээ хуриманд ирсэн хүндэт зочид шиг биш, баячуудын найранд хавчуурга мэт ирсэн аж ахуйн ажилчид лугаа шоовдор харагдаж билээ. Гэтэл саяхны нэг өдөр" Алтжин Бөмбөгөр" худалдааны төвд найзынхаа нэг эгчтэй нь таарлаа. Намайг барьж үнсээд сүйд болов. Нутгийн дуучин дүүгийнхээ дууг сонсох дуртай гээд сүйд боллоо. Тэгснээ: - Манай дүүгийн хүүхдийн хуримыг чи хөтөлсөн байна лээ. Эгч нь дуулсан. Ингэхэд бидэнд хуримын урилга өгөөгүй. Мэдсэн бол урилгатай, урилгагүй очих байсан юм. Тэр хуримаа хийсэн хүүг чинь уг нь би өсгөсөн юм. Аав, ээж хоёр нь наймаанд яваад алга болчихно. Хүүгээ манайд орхино. Хүү нь манай хүүхдүүдтэй бужигнан өссөн. Гэтэл одоо тэр манай хүүхдүүдтэй хүүхдээ ч уулзуулахаа больсон байна лээ. Манайх гэр хороололд амьдардаг болохоор тэр юм болов уу. Жилдээ, Цагаан сараар л, осолдохгүй, ёс болгож эхнэртэйгээ цуг манайхаар шагайдаг болсон доо. Гэхдээ үр хүүхдээ дагуулж ч ирэхгүй. Таван минут ч тогтож сууж чаддаггүй. Гэрт зочин ирчихэж. Хүлээж байна гэнэ, явахаас гэж шалтаг заан эхнэрээ дагуулан одно. Бид нар л гомдоогоогүй юмдаг. Хүн гээч нь таван цаастай болохоороо ах дүүсээ ч мартчихдаг бололтой юм байна шүү. Ямар муухай цаг ирчих нь энэ вэ? гээд мэлмэртэл уйлчихав. Эгчийг хараад, миний муу ядарсан эгч нүдэнд харагдаад, өрөвдсөндөө би бас нулимсаа барьж дийлсэнгүй. Танил маань ах дүүсээ хуриманд уриагүй нь бараг л хөтлөгч миний буруу ч юм шиг санагдав. - Намайг урихаа байг л даа. Гэхдээ ядаж, өндөр настай нагац эгч, хүргэн ах хоёроо урьж болно доо. МОНГОЛ ХҮН байна даа, даанч. Бид нар хичнээн хоосон, ядарсан ч рестораны таваг хоолны мөнгийг төлчихтэйгээ. За, түүнтэй тааралдвал, эгчийн дүү надтай тааралдсан, бүр гомдож уйлсан гэдгийг битгий хэлээрэй. Манай дүү бид нарыг зад загнадаг гэснээ гарыг минь илснээ цаашаа эргээд явчихав. Ийм явдал миний танилынд тохиолдсоноос дурдлаа. Гэхдээ бичихгүй, ярихгүй байгаа болохоос ийм явдал газар авсан. Хуриманд ах, дүүс, дотнын хүмүүсээ л хамгийн түрүүн урьдаг заншилтай. Төрсөн ах , дүүсийг гүйцэх нь хүн гэж бараг үгүй дээ. Зовлон, жаргалаа хуваалцах ахан дүүсээ ангилж үл болно. Найз нөхөд, бизнесийн түнш, хамтрагчдаа , урилгүй л яахав. Гагцхүү сайн ч, муу ч төрсөн ахан дүүсээ орхино гэдэг бол Монгол хүний ёс зүйд байж боломгүй асуудал.

Дуучин Хумбагарын БАТМЭНД 2020 он 11-р сар, Улаанбаатар хот

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?