КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ ҮРЛИЙГ МОНГОЛЫН ЛАМ ХУВРАГ БҮТЭЭЖЭЭ

2020-11-18  

 Гандантэгчинлэн хийдийн лам нар коронавирусын эсрэг үрлийг бүтээсэн байна. 9 төрлийн эмийн ургамал найрлаганд нь орсон уг үрэлд номын хүчийг аравнайлан шингээснээр элдэв өвчин, хууч, муу бүхнээс хол байлгах шидтэй гэж Чойжамц хамба тодотгож байна. Уг үрлийг улаан утсаар оосорлож, хүзүүндээ, аль болох өөрт үнэртэж байхаар зүүнэ. Тус үрлийн үнэр нь вирусыг дарах чадвартай. Хамгийн түрүүнд Монголынхоо эмч, эмнэлгийн ажилтнуудад уг үрлийг түгээнэ. Дараа нь сүсэгтэн олондоо хүртээнэ гэж Гандантэгчинлэн хийдийн хамба Чойжамц айлдсан байна.

НАЦАГДОРЖ( хамба лам): СЭТГЭЛ БОЛОН БИЕИЙН ДАРХЛААГАА ЭРҮҮЛ БАЙЛГАХ ҮНДЭС НЬ ТАНД БУЙ Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” вирусын халдварыг Монгол Улс дотооддоо алдсан энэ цаг үед төрийн зүгээс олон чухал арга хэмжээг авч байгаа нь сайшаалтай бөгөөд ард иргэд ч гэсэн ухамсартай хандаж арга, билгийн хүчийг нэгтгэж өвчин зовлонг даван туулах нь маш чухал байна. Бурхны ном болоод уламжлалт анагаах ухаанд, нийтийн болон хувь хүний үйлийн үрийн тухай авч үздэг. Хувь хүн бие, хэл, сэтгэлийн үйлийг цаг ямагт хянах нь чухал. Ухамсарт хүмүүнийхээ ёс зүйн хэм хэмжээг гажуудуулахад өөртөө болон нийгэмд муу үйлийн үр дагаврыг бий болгож байдаг. Нийтийн үйлийн үр нь тухайн цаг үед амьдарч буй хүмүүсийнхээ үйлийн үртэй уялдаа холбоотойгоор буй болж, нийтийг хамрах үр дагавартай. Хэн боловч эрүүл оршиж, урт насалж, удаан жаргах тухай уламжлалт анагаах ухааны онолын үүднээс авч үзвэл “Галын илч” хэмээх ойлголт, мэдлэг чухал юм. “Галын илч” нь амьдралын туршдаа хэрэглэж буй идээ, ундны төрөл зүйлийг биед шим тэжээл болгон бодисын солилцооны долоон тамир /тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал/, гурван хир /өтгөн, шингэн, хөлс/-ийг эрүүл байлгах үүрэг оролцоотой. “Галын илч” нь ходоод, бүдүүн, нарийн гэдэс, бусад эрхтэн системийн дархлааг эрүүл байлгах үндэс суурь нь болж байдаг. “Галын илч”-ийг сайн байлгая гэвэл хоол ундандаа анхаарах хэрэгтэй. Шимтэй тэжээллэг хоол ундыг тухайн улирал, цагт нь зөв хэмжээгээр тохируулан хэрэглэх нь “Галын илч”-ээ хэвийн байлгах нөхцлийг бүрдүүлдэг. “Галын илч” хэдий сайн байна, түүнийг дагаад хүний биеийн дархлааны систем сайн байдаг. “Галын илч”-ийн хэвийн үйл ажиллагаа алдагдвал бие, сэтгэлийн олон өвчин буй болдог. Сүлд хийморь доройтох, царай зүс гундах, айдас жихүүдэс бий болж, сэтгэлийн амар амгалангүй байдлууд бий болж эхэлдэг. Эрүүл байхын тулд нэн тэргүүнд бодох ёстой бас нэгэн чухал хүчин зүйл нь сэтгэлийн дархлаагаа эрүүл байлгах явдал.

Үүний үндэс нь таньд буй. Сэтгэл хэдий чинээ амар амгалантай байна, биеийн дархлаа төдий чинээ эрүүл, сайн байдаг нь уламжлалт анагаах ухааны онолын үндэстэй. Сэтгэлийн болон бие эрхтний амар амгалан гэж бий. Сэтгэлийн амар амгалан нь бие эрхтнийхээ амар амгаланг дэмжиж арга, билгээр өөр хоорондоо шүтэн барилдаж оршин тогтнож байдаг. Сэтгэл хямрахад цул сав эрхтнүүдийн хямрал бий болж “Галын илч”-дээ нөлөөлөн, бодисын солилцоог буруудуулж элдэв өвчинг үүсгэдэг. Тэгэхээр бид бие, сэтгэлийн амар амгаланг эрхэмлэх хэрэгтэй. “COVID-19”-оос хувь хүн болон нийгмээрээ айж сандарч байгаа нь сэтгэлээ хямрааж, дархлаагаа сулруулах шалтгаан болохыг үгүйсгэх аргагүй юм. Тухайлбал, монголчуудын хувьд нэлээд бухимдалтай байгаагаа ухамсарлаж ойлгон аль болохоор бие, сэтгэлийн амар амгалантай үйлийг бий болгох нь өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчин арилж, ариусахад нийтээрээ оруулах хувь нэмэр болох сайн талтай.

Хэн нэгэнд айдас, жихүүдэс бий болвол хамгийн түрүүнд зүрх судас болон бусад эрхтний үйл ажиллагаанд нь сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Уурлаж бухимдсанаараа би өөрөө өөрийгөө өвчлүүлж байна гэдгийг л ухамсарлах хэрэгтэй. Бие, сэтгэлийн амар амгаланг бий болгоё гэвэл арван хар нүглийг тэвчин, арван цагаан буяныг үйлдэж хэвшүүлэх учиртай. Арван хар нүглийг тэвчиж чадвал танд ёс зүйн хамгийн дээд хэм хэмжээ тогтох болно. Тэгэхээр арван хар нүглийг бие, хэл, сэтгэлээр үйлддэг үйлээ тэвчиж, боомилох хэрэгтэй. Ялангуяа ийм өвчин зовлонгийн үед бидэндээ туслахаар ажил, амьдрал, оюун санаагаа зориулж буй байгууллага, албан хаагч хүмүүс рүүгээ бухимдаж, сэтгэлээ хямрааж буй нь эцэстээ өөрийгөө л хорлож байгаа үйлдэл болно. Хүний төрөл хэдий сайн төрөл боловч бидэнд нисванисын олон муу сэтгэл эргэлдэж, биднийг хорлож байдаг. Тиймээс хүний муу үйлдлийг өөр хэн нэгэн, төр ч засаж чадахгүй.

Зөвхөн хувь хүн өөрөө л өөрийгөө ном, буянаар засаж сайжруулдаг ертөнцийн жамтай. Үргэлж уурлаж, бухимдаж байдаг хүн ад тотгоруудад хорлуулах үүд хаалгаа өөрөө нээж байдаг юм . Хүсэл тачаал, уур хилэн, мунхагийн тэр их хар хүч эргээд олон нян вирус, хорлогч болж нийтийг хорлочихдог талтай. Харин буян байсан цагт ямар ч хүчтэй вирус, бактери, ад тотгор төдийлөн хорлож чаддаггүй. Тэд чадалтай боловч хорлол нь хэмжээ, хязгаартай. Хэн бие, хэл, сэтгэлийн нүглийг хэдий чинээ их үйлдсэн, бие сэтгэлийн амар амгалангүй байна, тэр хорлогдох бай нь болдог. Биеийн талаас хамгаалалт болгож маскаа зүүх, гар хөлөө угаах, ариутгах, зай барих гэх мэт олон зөв зүйлийг бүгд л хэлж ярьж, хэвшүүлэх гэж буй нь сайшаалтай. Харин хэлний болон сэтгэлийн гэм нүгэлдээ анхаарлаа хандуулах нь чухал байна. Энэ хугацаанд ертөнцийн дуусашгүй зовлонт үйлийг бодож зовж шаналахаа өчүүхэн ч гэсэн азнаж бүгдээрээ буянд шамдацгаая. Юуны өмнө жилийнхээ засал номоо хийлгэж, тарни сайн уншиж сэтгэлээ ариусгах хэрэгтэй. Хэдий сайхан нинж асрал, бодийн сэтгэлийг үүсгэх тусам та эрүүл саруул оршино. Яагаад гэхээр та бодисын солилцоогоо алдагдуулж, дархлаагаа устгахгүй байгаа хэрэг. Зөвхөн нэг удаагийн уур уцаараар хэдэн зуун жилд хийсэн буянаа шатаагаад үгүй хийчихдэг тухай бурхдын айлдвар бий.

Монголчууд бидний зарим хэсэг нь өрөөлөөс гэм үздэг буруу зуршилд автчихжээ. Одоо өөрөөсөө гэм нүглээ хайдаг дээд ёс суртахуунтай болцгооё. Өмнө хэлсэнчлэн долоон тамирын сүүлчийн “Дусал” буй болох бодисын солилцооны үйл явцаас “Данчог” /тунгалагийн дээд/ буй болсноор зүрхэнд оршиж, биднийг амьдруулан байдаг охь шим бий. Энэхүү “Данчог” нь сүнс, нас, амийг тэтгэн амьдруулах бөгөөд тэр нь сэтгэлийн зовлон, хямрал, оюун санааны буруу үзэл бодлоор барагдаж, устаж эвдэрдэг хэмээсэн шүн онол байна. Үүнийг мэдсэнээр хэрхэн эрүүл амьдрахаа амархан ойлгож болох юм. Эрүүл энхийн амар амгалан Эгнэгт орших болтугай!

2020.10.18, Улаанбаатар хот.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?