Ч.ХҮРЭЛБААТАР: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТИЙГ ИРЭХ ОНЫ 7 САРЫН 1 ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛНА

2020-11-18  

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Танилцуулгын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Иргэдийг дэмжих ямар бодлого хэрэгжүүлэх вэ. Хүнсний талон авч байгаа иргэд бүх нийтийн бэлэн байдлын үед хүнсний хомсдолд орох эрсдэлтэй байна. Мөн иргэдийн худалдан авах чадвар буурч байгаагаа үүдэн шахмал түлшний худалдан авалт буурч байгаа?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Коронавирус дэлхий нийтэд тархаж эхэлсэн цагаас үеэс Засгийн газар бодлогоо хэрэгжүүлж байгаа. Саяхан 2021 оны төсвийг баталсан. Хүүхдийн мөнгө, хүнсний талоныг 2021 оны долоодугаар сар хүртэл олгоно. Мөн нийгмийн халамжаас олгодог 188 мянган төгрөгийн тэтгэмжүүдийг 288 болгож, ирэх жилд үргэлжлүүлэхээр баталсан. Монгол Улсын 2020 оны төсөв коронатай тэмцэхэд зориулагдсан. Ирэх жил ч энэ зарчимд үндэслэж байгаа. Засгийн газрын бодлого бол гэнэт гаргаж байгаа шийдвэр биш. Эртнээс тооцож, асуудлыг шийдвэрлэж байгаа. 

-Ерөнхийлөгчийн өрх бүрт 1 сая төгрөг олгох хөтөлбөрийн саналыг дэмжсэн үү?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн саналыг хэрэгжүүлэхэд 900 тэрбум төгрөг шаардлагатай. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хөтөлбөр бий. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгох, хүнсний талон, нийгмийн халамжийн мөнгийг 100 мянган төгрөгөөр нэмэх зэрэг. Энэ хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхэдтэй өрх жилд 1.2 сая төгрөг авдаг. 2 хүүхэдтэй бол 2,4, 3 хүүхэдтэй бол 3,6 сая төгрөг авдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газрын бодлоготой харьцуулж үзсэн. Ингээд Засгийн газар анхны бодлогоо хэрэгжүүлэх нь илүү гэдэг байр суурьтай байгаа. Мөн ипотекийн зээлийг 6 сараар хойшлуулах ерөнхийлөгчийн санал бий. Сая Ерөнхий сайд маш тодорхой хэлсэн. Засгийн газрын хуралдаанаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой зөвлөлдөөд ирэх оны 7 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах болж байгаа юм. Үнэндээ бол улсын төсөв коронавируст нэрвэгдэж байгаа. Тэгэхээр тэтгэвэр, хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө, хөрөнгө оруулалтын зардлаа хийх төсөвгүй болчихвол энэ улс дампуурна. Тэгэхээр бид улсын төсвөө давхар бодож явах ёстой гэдгийг ойлгож байгаа байх. Ний нуугүй хэлэхэд, ерөнхийлөгчийн 6 саналаас 5 нь их бага хэмжээгээр Засгийн газрын бодлого дунд явж байгаа.

-Ирэх оны төсөвт тодотгол хийх үү. Өнгөрсөн хугацаанд 562 сая ам.долларыг коронатай тэмцэхэд зориулж зээл, тусламжаар авсан байна. Энэхүү хөрөнгийг яг юунд зарцуулсан бэ?

-Төсвийн тодотголыг өнөөдөр ярихгүй. Бид коронавирусний тархалтыг хумихад Засгийн газар, УОК-ын гол анхаарал чиглэж байна. Үүний дараа бид нөхцөл байдлаа тооцож, бүрэн дүр зургаа харж байж төсвийн тодотгол хийх талаар ярина. Гадаадаас авсан зээл тусламжийн талаар 17.00 цагт дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-Гадаадад гацсан иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Шадар сайд Я.Содбаатар: Гадаадад гацсан иргэдийг энэ оны хоёрдугаар сараас эхлэн татаж байгаа. Өнгөрсөн хугацаанд 27 мянга гаруй иргэнээ авсан. Одоо цөөн бүс нутагт, ялангуяа Сөүл хотод монголчууд олон бий. Бусад бүс нутагт нэн яаралтай эх орондоо ирэх хүсэлтэй иргэн цөөн байгаа. Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал тогтоосны улмаас энэ сарын бүх тусгай нислэгийг зогсоосон. Ирэх сарын 1 гэхэд бүх тусгаарлах байраа шалгаж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нэг өрөөнд нэг хүн, нэг өрөөнд нэг өрх байлгах тооцоолол хийгээд нислэг үйлдэнэ.

-Хот болон хөдөө гацсан хүмүүсийг яах вэ. Засгийн газрын хуралдаанаар ямар нэгэн шийдвэр гарсан уу?

Шадар сайд Я.Содбаатар: Хотод ирээд гацсан иргэдийн асуудал бий. УОК-ын шуурхай штаб судалгаа хийж байгаа. Харамсалтай нь, Улаанбаатар хотоос гадна Сэлэнгэд төмөр зам дагасан голомт байгаа тул хотоос хөдөө гарах иргэдийн асуудлыг хойшлуулж байгаа. Ер нь бол хотод байгаа орон нутгийн иргэдийг оношилгоонд хамруулах, нэгдсэн бүртгэлд оруулах, орон нутагтаа очоод хяналтад орох журмыг бэлтгэсэн. Эндээс нэг өвчтэй хүн эсхүл ойрын болон дам хавьтлын хүн аймаг, суманд очиход тэнд байгаа бүх хүнд асуудал үүснэ. Тиймээс энэ асуудалд хүлээцтэй хандахыг иргэдээс хүсэж байна. Орон нутгаас албаны шугамаар ирсэн 500 гаруй хүн бий. Хувийн шугамаар ирсэн хүмүүсийн бүртгэлийг гаргаж, дуусаж байгаа. 

Эх сурвалж:  montsame.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?