Коронавирусийн вакцин хийлгэх бодол одоогоор алга хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Онцын шаардлагагүй бол Цагаан ордонд ажилладаг хүмүүс вакцинаа хожуу хийлгэх хэрэгтэй. Би энэ талаар залруулга хийхийг хүссэн. Одоохондоо вакцин хийлгэх төлөвлөгөө надад байхгүй ч зөв үедээ хийлгэнэ гэж найдаж байна” хэмээн тэрбээр “Твиттер” хуудастаа тэмдэглэжээ. Цагаан ордны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Жон Эллиот өмнө нь мэдэгдэхдээ, протоколуудыг хэрэгжүүлэх хүрээнд өндөр дээд албан тушаалтнуудыг вакцинжуулалтад хамруулна гэжээ.
Энэ нь Цагаан ордны ажилтнууд ойрын хугацаанд нийгмийн эмзэг бүлгийхэнтэй нэгэн зэрэг вакцин хийлгэнэ гэсэн үг юм хэмээн “The Washington Post” сонин мөн мэдээлсэн байна. Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд өндөр дээд албан тушаалтнууд вакцин хийлгэх шаардлагатайг эх сурвалжууд цохон дурджээ.
Д.Трамп коронавирусээр халдварлаж байсан бөгөөд Мэриленд муж улсын Уолтер Ридийн нэрэмжит эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.
Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/