ШВЕЙЦАРТ 90 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ЭХНИЙ ХҮН БОЛЖЭЭ

2020-12-24  

 Швейцарт “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөр лхагва гарагт эхэлж, 90 настай нэгэн эмэгтэй хамгийн эхэнд вакцин хийлгэжээ.

Швейцарын эрх баригчид “Pfizer/BioNTech” компанийн вакциныг ашиглах зөвшөөрлийг өнгөрсөн ням гарагт олгосон бөгөөд урьдчилан захиалсан гурван сая тун вакцины эхний 107 мянган тунг энэ долоо хоногийн мягмар гарагт хүлээн авсан байна.

“Swissmedic” буюу Эм, эмийн бүтээгдэхүүний хяналтын газар “Moderna”, “AstraZenenca” зэрэг компанийн вакцинуудыг үргэлжлүүлэн судалж байгаа ажээ. 8.5 сая хүн амтай Швейцар эдгээр компани болон “Pfizer/BioNTech”-ээс 15.8 сая тун вакцин захиалаад байгаа юм.

“COVID-19”-ийн вакцины эхний тунг төв нутгийн Люцерн хотод хийжээ. Уг вакцины дараагийн тунг гурван долоо хоногийн дотор хийлгэх шаардлагатай юм. Мөн эхний вакциныг хийснээс хэдхэн цагийн дараа Цуг хотод өөр нэгэн хүнд вакцин тарьжээ.

Цельсийн -70 хэмийн хүйтэнд хадгалах ёстой “Pfizer/BioNTech”-ийн вакциныг орон даяар түгээхээс өмнө Зэвсэгт хүчний эм үйлдвэрлэлийн газарт байлгах ажээ. Энэхүү вакциныг гэсгээсний дараа хөргөгчинд дээд тал нь таван хоног хадгалах боломжтой юм.

Швейцарт нийт хүн амыг вакцинжуулахаас өмнө дөрвөн бүлгийн хүмүүст хамгийн эхэнд шат дараалалтайгаар вакцин хийнэ.

Тодруулбал, эхний ээлжинд өндөр эрсдэлтэй буюу 75-аас дээш насны, суурь өвчтэй хүмүүсийг, дараагийн ээлжинд 65-аас дээш насны хүмүүсийг вакцинжуулна. Үүний дараа эмнэлгийн ажилтнууд болон өвчтөнүүдтэй ойр байж, асарч буй хүмүүсийг, дөрөвдүгээрт, халдвар тархах өндөр эрсдэлтэй бүсэд амьдарч, ажиллаж буй хүмүүст вакцин хийх ажээ. 

 

Эх сурвалж: БЕРН. /Swissinfo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?