Хятадын Засгийн Газар Жак Ма-гийн үүсгэн байгуулсан "Алибаба" болон "Ант" группийг улсын мэдэлд авахаар төвлөрч буй тухай мэдээлэл дэлхий дахинд цацагдаж эхэллээ. Саяхан л Си Жин Пингийн илтгэлийн гол баатар болж байсан Жак Ма гэнэт яагаад түүний нүдэнд торсон өргөс шиг үзэгдэх болов? гэдэг асуулт өөрийн эрхгүй сөхөгдөх боллоо. Жак Ма хэтэрхий тодорчээ. Тэр мөнгөтэй болсон байна. Гэхдээ Хятад бол Монгол биш юм.
Монголд мөнгөтэй хүн томордог бол, Хятадад мөнгөтэй хүн бол ердөө л мөнгөтэй хүн аж. Харин төр бол мөнгөнөөс илүү хүчтэй, эрх мэдэл мөнгийг дийлнэ гэдгийг үзүүллээ.
2020 оны 10 дугаар сард, Шанхай хотод болсон зөвлөлгөөний үеэр :- Хятад улсын эдийн засгийн систем хүнд сурталд идэгдсэн, " хөгширсөн хүмүүсийн клуб" шиг ялзарсан, шинийг сэтгэх чадваргүй гэж шүүмжилсэн нь Хятадын эрх баригчдын гэдэнг хөдөлгөсөн байна. Түүний хэлсэн үгийг Хятадын Засгийн газар түүний үүсгэсэн компаниудад шалгалт оруулснаар хариулсан байна. Монополийн эсрэг хуулийг зөрчсөн гэдэг заалтаар түүнийг буруутган, түүний эзэмшлийн, мөнгөний уурхай болсон "Алибаба" болон "Ант" группийг нь Хятадын төрийн өмчит компани болгох ажлыг эхлүүлжээ. Ийнхүү чи мөнгөтэй нь үнэн. Гэхдээ надад эрх мэдэл байна гэдэг тогтолцоогоо Хятадын Засгийн газар дахин харууллаа.