ЭХЭМҮТ-ИЙН АРИУТГАЛЫН ТАСГИЙГ ШИНЭЧЛЭВ

2021-01-20  

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банкны хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төсөл хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн ариутгалын тасагт их засвар хийж, иж бүрэн тоног төхөөрөмж суурилууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, АХБ-ны суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, АХБ-ны төслийн зохицуулагч А.Мөнхтайван, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр болон эмч, ажилтнууд оролцлоо.

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Аливаа улс орны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламжийн зөв төлөвлөлт, техник, технологийн хурд хүч, дэвшил, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавх, тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, эрсдэлгүй орчин юу юунаас ч чухал болохыг хүн төрөлхтөнд тохиож буй халдварт өвчний хүндхэн сорилтууд улам бүр нотолсоор байна. Энэ цаг үед АХБ-ны санхүүжилттэй ЭМСХХ-5 төсөл “Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах’’ чиглэлээр нийт 27 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад амжилттай хэрэгжээд байна.

Өнгөрсөн онд ХСҮТ, ГССҮТ,  Дорнод аймгийн БОЭТ, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийг шинэчлэн хүлээлгэн өгч, эмч мэргэжилтнүүдийг сургах ажлууд хийж байна.

Энэ удаа ЭХЭМҮТ-ийн болон хүүхдийн эмнэлгийн ариутгалын тасгийн их засвар, 13 нэр төрлийн 34 ширхэг тоног төхөөрөмжийг ханган, нийтдээ 1.7 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалтын ажлыг ийнхүү хүлээлгэн өгч байна. Үүний үр дүнд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал сайжирч, эмнэлэг зориулалтын агааржуулалтын систем, хяналтын зарчим, горимд нийцсэн иж бүрэн ариутгалын тасагтай болж байгаа юм.

Монгол Улс төдийгүй, дэлхий нийтээрээ коронавируст  цар тахалтай тэмцэж буй хүндхэн цагт үед халдварын сэргийлэлт, хяналтын асуудлуудыг олон улсын стандартын түвшинд хүргэх, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд мэдлэг оюунаа дайчлан, чармайн оролцсон бүх оролцогчид, төслийг санхүүжүүлэгч АХБ, төслийг хэрэгжүүлэгч багийн хамт олонд Хувиасаа болон Эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээлээ.

Мөн энэ үеэр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран хэлэхдээ, "ЭМСХХ-5 төслийн 38 сая ам.долларын санхүүжилтээр Монгол Улсын нийт 27 эмнэлэг буюу бүх дүүргийн болон 14 аймгийн эмнэлгийн ариутгалын тасгууд олон улсын шаардлага хангасан түвшинд ажиллах боломж бүрдэж байна” гэв.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр хэлэхдээ, "ЭХЭМҮТ жилд 215 мянган эх, эмэгтэйчүүд, хүүхдэд амбулаториор үйлчилдэг. Жилд 15 мянган мэс засал хийж, 12 мянган эх амарждаг. Түүнчлэн  үндэсний хэмжээнд онош тодорхойгүй хүндэрсэн бүх тохиолдлыг  эмчилдэг. Ялангуяа өвчтөнүүд хувийн болон улсын өөр эмнэлгүүдээс шилжиж ирдэг учраас янз бүрийн эрсдэл их байдаг.  Тиймээс  ч ЭХЭМҮТ-т ариутгал халдваргүйтгэлийн нөхцөл байдлаа сайжруулан ажиллаж байгаа боловч энэ удаагийн засвар шинэчлэлээр их засвар хийж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдлаа. Тодруулбал, Цэвэр усны болон агааржуулалтын иж бүрэн систем суулгалаа. Ингэснээр цэвэр усны системийг хоёр чиглэлээр бүрэн ашиглах боломжтой болж байна” гэлээ.


Төслийн хүрээнд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын төвлөрсөн ариутгалын тасгийг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчим, горимд нийцүүлэн агааржуулалтын систем бүхий дэд бүтцийг шинээр бий болгон шинэчлэн засварлаж, 66.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж ариутгах  халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэлийг хийгээд байна.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк  шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн цар тахлын бэлэн байдал болон хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгох зорилгоор 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг 2020 оны 5 дугаар сард хийсэн. Энэ ажлын хүрээнд, Ковид-19 бол SARS зэрэг амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдвар, уушгины хатгалгааны үеийн оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулах зорилгоор 14 сая гаруй ам. долларын тоног төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 285 ширхэг амьсгалын аппаратыг ханган нийлүүлээд байгаа аж.    

 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?