ИХ БРИТАНИ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ОРНУУДАД ИРСЭН ХҮМҮҮСИЙГ ЗААВАЛ ЗОЧИД БУУДАЛД ТУСГААРЛАНА

2021-01-27  

Их Британийн Засгийн газар өндөр эрсдэлтэй бүлгийн 30 орноос ирж буй хүмүүсийг заавал зочид буудалд тусгаарлахыг үүрэг болгоно.

Ийм арга хэмжээ авснаар эрх баригчид улс оронд нь коронавирусийн халдварын зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол болон вирусийн илүү аюултай байж болзошгүй хувилбараар халдварлах эрсдэлийг бууруулахыг зорьж байна. Өндөр эрсдэлийн бүлэгт багтаж буй орнууд дунд Бразил, Өмнөд Америкийн хэд хэдэн улс, ӨАБНУ болон тус улстай хиллэдэг улс орнууд, Португал, Кабо-Верде арлын улс байгаа бөгөөд коронавирусний шинэ хувилбар дэлхийн бусад хэсэгт тархвал жагсаалтыг өргөтгөх аж. 

Одоогоор Их Британи өндөр эрсдэлийн бүлэгт багтаж буй дийлэнх улс орнуудтай агаарын харилцаагаа хязгаарлажээ. Түүнчлэн сүүлийн 10 өдөр эдгээр улс оронд зорчсон хүмүүс Их Британид нэвтрэх боломжгүй хэдий ч энэ хязгаарлалт Их Британийн иргэдээс гадна тус улсад оршин суух зөвшөөрөлтэй болон урт хугацааны визтэй хүмүүст үйлчлэхгүй аж.

Их Британид ирсэн иргэдийг заавал зочид буудалд тусгаарлах асуудлыг Засгийн газар сүүлийн хэдэн өдрийн туршид хэлэлцжээ. Шинээр хэрэгжүүлэх арга хэмжээ нь аюултай орнуудаас ирж буй хүмүүийг дэглэмээ илүү чанд сахих баталгаа болох аж. Хилийн чанадаас ирсэн хүмүүсийг байлгах зочид буудлуудын жагсаалтыг эрх баригчид батална.

Шинээр авах чангатгасан арга хэмжээг агаарын тээврийн компаниуд хийгээд аялал жуулчлалын салбар эсэргүүцжээ. Дахин хязгаарлалт тогтоосноор цар тахал дэгдэж эхэлснээс хойш ихээхэн алдагдал хүлээсэн аялал жуулчлалын салбарт хүнд цохилт болно гэдгийг тэд цохон дурджээ.

Их Британийн Үндэсний “VisitBritain” аялал жуулчлалын агентлагийн мэдэгдсэнээр, 2020 оны аялал жуулчлалын орлогыг өнгөрсөн оныхтой харьцуулахад 80 хувиар буурсан байна. Эдийн засгийн хувьд 25 тэрбум паундын алдагдал хүлээсэн байна. 

Австралийн туршлага

Их Британийн эрх баригчид өнгөрсөн оны 3 дугаар сараас хойш улс оронд нь ирсэн бүх хүнийг 14 хоног тусгаарлахыг үүрэг болгосон Австрали, Шинэ Зеландын туршлага дээр суурилан алхам хийхийг зорьж байна. Дүрэм журмыг чанд сахиулахын тулд Австралийн Засгийн газар үндэсний зэвсэгт хүчнээ дайчилжээ. Австралийн нийслэл Сидней хотын зочид буудлуудад байрлах үнэ дунджаар 3 мянган австрали долларт хүрдэг байна. Тус улс гадаад хилээ энэ оныг дуустал хаалттай байлгах төлөвтэй байна.

Үүний үр дүнд Австралийн эрх баригчид халдварт өвчнийг бараг л ялан дийлж чадсан хэмээн тус улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжигчид цохон дурджээ. Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдвар авсан 28777 тохиолдол бүртгэгдсэн байхад Их Британид нэг өдрийн дотор дунджаар ийм тооны хүн халдвар авч байна.

Коронавирусийн шинэ хувилбар илэрсний улмаас сүүлийн саруудад Их Британид халдварт өвчний тун хүнд нөхцөл байдал үүсээд байна. Шинэ хувилбар нь халдварлах чадвар 70 хувиар илүү бол нас барах эрсдэл 30 хувиар илүү аж. Засгийн газар арга хэмжээгээ чангатгах шаардлагатай болж гурав дахь удаагийн бүх нийтийн хөл хориог нэгдүгээр сарын 4-нд зарласан юм.

 

Эх сурвалж:ЛОНДОН. /The Times/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?