МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ БОЛ СОНГУУЛЬД Л ЧИГЛЭСЭН...

2021-02-08  

Монгол улсын эдийн засаг хөгжилд биш, зөвхөн улс төрийн сонгуульд чиглэсэн гэдэг санааг миний бие анх 2011 оны хавар дэвшүүлсэн. Тэр жил, Санхүү, эдийн засгийн дээд сургуулиас санаачлан Монгол Улсын Эдийн засаг, Бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт эрхэлдэг Их, Дээд сургуулиудын багш, эрдэмтдийн дунд илтгэлийн уралдаан зарласан. Эрдэмтэд тэрхүү бүтээлээрээ Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон. Санхүү, эдийн засгийн сургуулиас зохиосон тус эрдэм шинжилгээний бага хуралд миний бие МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Статистикийн тэнхмийн эрхлэгчийн хувьд “ Монгол Улс шилжилтийн эдийн засгаас сонгуулийн эдийн засагт” сэдвээрээ илтгэл тавьсан. Уг илтгэл маань тус бага хурлын зохион байгуулагчдын зүгээс өндөр үнэлэлт авч, тэргүүн байранд шалгарч билээ. Диплом, мөнгөн шагнал ч дагалдсан. Гэхдээ эрдэмтэн хүний хувьд нэг л зүйлд хамгаас урамшсан. Энэ бол Монголын эдийн засагчид миний илтгэлийн санаа, үнэлэлт дүгнэлтийг зөвшөөрсөн явдал байлаа.

Энэ бол Монголын эдийн засаг хөгжилд биш, сонгуульд чиглэсэн гэх үнэлгээ юм. Үнэндээ, өнгөрсөн 30 жилийн улс орны эдийн засгийн хөгжлийн байдлаас эдийн засагчийн хувьд миний хийсэн гол дүгнэлт бол энэ юм. Хэрвээ, хэн нэгэн надаас Монгол Улсын эдийн засгийн онцлог юу вэ? хэмээн асуувал уул уурхай, мал аж ахуйд голлон суурилсан, сонгуульд чиглэсэн эдийн засаг гэж би итгэл төгс хариулна.

Монголын эдийн засаг бол хэт улс төржсөн, жам ёсоороо огт хөгжих нөхцөлгүй эдийн засаг болсон. Парламентын болон орон нутгийн сонгууль манай эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлдэг болоод удаж байна. Монголын улс төржсөн эдийн засаг нь сонгуульд ялалт байгуулсан нам, эрх баригчдын 4 жилийн хугацаатай бодлогоор тодорхойлогддог болсон. Эдийн засгийн урт хугацааны залгамж чанартай тогтвортой бодлогыг умартсан. Цаасан дээр бол буусан, сонгуульд зориулж батлан гаргасан хөтөлбөр, баримт бичиг энэ тэр бол хангалттай байдаг ч , түүнийгээ огт баримтлалгүй өнөөтэй золгосон. Улс төрийн намууд засгийн эрхэнд гарахын тулд сонгогчдыг хуурч мэхлэн, улс орныхоо эдийн засгийн хэр хэмжээнээс хэтэрсэн амлалт өгч сонгуульд оролцож ирсэн. Улс төрийн намууд ялалт байгуулахын тулд эдийн засгаа золиосолсон. Намуудын сонгуулийн амлалт нь буцаад эдийн засагтаа маш хүчтэй дарамт болсоор ирсэн.

Өнгөрсөн 30 жилд улс төрийн хоёр гол нам МАН, АН нь 4 жилийн циклтэй сонгууль бүрд ялж, эрх мэдэлд хүрэхийн тулд Монголын эдийн засгийг улс орны алс ирээдүйн хөгжилд бус, харин сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт, төсвийг бүхэлд нь чиглүүлж ирсэн гэдгийг нотлоход тийм хүнд биш. Монгол Улсад сонгуульд ялсан нам, улс төрийн хүчин сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрөө үндэслэн Засгийн газрынхаа үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулдаг хуультай, бодит байдал дээр яг энэ дагуу л хэрэгжиж ирсэн. Улс орны хөгжил сонгуулийн 4 жилд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүхэлдээ чиглэгддэг тул улсын төсвийн зардал, үүний дотор хөрөнгө оруулалтын зардал, бүтээн байгуулалтын ажил бүхэлдээ үүнд зориулагдсан дүн шинжилгээ бий. Энэ утгаараа Монголын эдийн засаг тухайн 4 жилд бүхэлдээ сонгуулийн амлалтуудыг хэрэгжүүлэхэд л голлон чиглэгдсээр иржээ.

Үүний тод жишээ нь Засгийн газраас хүн амдаа мөнгө тараах сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд Хятадын Чалко компаниас 150 сая далларын зээл авч , түүнийгээ төлөхийн тулд Таван Толгойн коксжих нүүрсээр хэрхэн төлж барагдуулсныг ой санамж хадгалсан. Мөн Оюу Толгойгоос 250 сая долларын зээл авч, хүүхэд бүрт сонгуулийн амлалтын дагуу мөнгө олгож, өрөнд орж ирснийг ч бид мартаагүй л байна. Энэ бүх өр бол Монголын ирээдүйн хөгжил дэвшилд зориулсан сайн хөрөнгө оруулалт байгаагүй, харин эрх баригч улс төрийн хүчнүүдийн сонгуульд ялалт байгуулж, гарч ирсан амлалтыг хэрэгжүүлэх популист шинжтэй, олон нийтэд, хар масст таалагдах гэсэн ямар ч үр ашиггүй хөрөнгийн зардал байсан. Энд МАН, АН аль аль нь хамтдаа буруутай. Хоёулаа оролцогчид.

Сонгуулийн иймэрхүү амлалтуудын жишээг маш олныг дурдаж болно. Хамгийн сүүлийнх нь МАН-ын мөрийн хөтөлбөрт 1916-2020 онд амласан “ Цалинтай ээж” хөтөлбөр юм. Энэ мэтчилэн Монгол Улсын ирээдүйн хөгжилд нэн чухал үр ашигтай зүйлд зориулж болох байсан хөрөнгө оруулалтаныг сонгуулийн энэ мэтийн амлалтуудыг хэрэгжүүлэхэд улс төрийн 2 нам ямар ч үр ашиггүй зарцуулсаар ирсэн тул Монголын Эдийн засаг бүхэлдээ сонгуульд чиглэсэн эдийн засагтай улс болоод удаж байна. Ер нь манай орны эдийн засагт сонгуультай холбоотой мөнгөний урсгал их болсон байдаг. УИХ 2011 оны төсвийг батлахдаа 10 хувийн алдагдалтайгаар, нийтдээ 805 тэрбум төгрөгийг хүн амд тараахаар баталсан байдаг. ДНБ -нийхээ 10 хувийг хүн амдаа зүгээр тараадаг эдийн засагтай улс орон дэлхийд Монголоос өөр байхгүй. Ийм болтлоо эдийн засгаа улс төржүүлж, хөгжлийн бус сонгуулийн эдийн засгийг Монголд бий болгосон. Бэлэн мөнгө хүн амд зүгээр тарааснаар инфляци эрс нэмэгдэж, эргээд эдийн засагтаа муугаар нөлөөлж, макро эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгосон байдаг.

Үүний зэрэгцээ “ Сонгуулийн тухай” хуулиар УИХ-д нэр дэвшигчид тойрог бүрээс нэр дэвшдэг тул улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тойрогтоо аль болохоор ахиухан хувиарилуулах , тэгж байж дахин тойргоосоо гарч ирэх “нүхээ ухах” хүсэл сонирхолд хөтлөгдсөөр ирсэн тул Засгийн газраас УИХ-д оруулж ирдэг улсын төсвийн төсөл танигдахгүй болтлоо өөрчлөгдөж ирсэн нь мөн л цаанаа сонгуульд дахин ялах, тойрогтоо ахиу хуваарилах эрмэлзлэлтэй шууд холбоотой байсан. Өнөөдөр ч энэ байдал арилаагүй л байна. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн бүрт олон тэрбум төгрөгийн хөрөнгийг тухайн тойрогт өөрсдийн үзэмжээр зарцуулах эрх мэдэл олгосоор ирсэн. Энэ бол ард түмнийг басамжилсан, УИХ-ын гишүүд өөрсдөө өөрсдөдөө мөнгө хуваарилсан гэмт үйлдэл мөн. Ардчилсан төр, засагтай улс оронд бол байж боломгүй үйлдэлд бид бүхэн аль хэдийнээ нүд дасчээ. Зөвхөн 2010 онд 76 тэрбум төгрөгийг сонгуулийн тойргуудад УИХ-ын гишүүдийн мэдлээр зарцуулсан байдаг. Одоо ч энэ тоо ахиснаас буурсангүй.

Төгсгөлд нь Сонгуулийн өмнөх жилийн төсөв бүхэлдээ сонгуульд зохиулсан төсөв болдогийг УИХ-ын гишүүд ч өөрсдөө хүлээн зөвшөөрч ирсэн. Энэ бүхэн нь Монголын эдийн засгийг бүхэлд нь сонгуульд чиглэсэн эдийн засаг болгосон билээ. Нөгөө талаасаа ердийн жилийн төсөв хүртэл бүхэлдээ сонгуулийн амлалтанд чиглэгдсэн байдаг. Бид өнгөрсөн 2020 оны төсвийг аваад үзэхэд л Ковидын нөхцөл дэх эдийн засгийн бодит байдлаа бус, харин сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхэд чиглэсэн тун ч үрэлгэн төсөв байсан нь олон зүйл дээр харагдсан. Төсвийг батлахдаа Монгол Улсын гадаад өр, цар тахалтай холбоотой эдийн засгийн агшилт зэргийг огт харгалзаагүй билээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтыг тэргүүн зэрэгт нэн шаардлагатай бус усан оргилуур музей, музей, хөшөө дурсгал босгох, сумдын соёлын төвүүдийг барих зэрэг сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлд зарцуулсан бол 2021 оны төсөвт ЖДҮ-ийг хөгжүүлэх санд нэг ч төгрөг төсөвлөөгүй баталсан зэргээс тодорхой харж болно. Энэ бүхний цаана мөнөөхөн л улс төрийн ашиг сонирхол, сонгуулийн амлалт л байдаг.

Монгол Улсын эдийн засгийг жам ёсоор нь хөгжүүлэх, жинхэнэ хөгжилд чиглэсэн эдийн засаг болгох гол арга зам нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийг хэрэгжүүлж, улс орны язгуур эрх ашигт нийцсэн хөгжлийн урт хугацааны тогтвортой бодлогыг үе шаттай тууштай хэрэгжүүлэх явдал юм. Үүний тулд улс төрийн намуудыг сонгуульд өрсөлдөхдөө эдийн засагт дарамт учруулах амлалт өгөхийг эрс хориглож, намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө зөвхөн хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн амлалтаар өрсөлддөг болох, үүний тулд Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо зөвхөн энэ шаардлагыг хангасан намыг сонгуульд оролцуулахаар бүртгэн авдаг болох шаардлагатай байна.

2015 онд УИХ-аас “ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль”-ийг баталж, 2020 онд түүнийг шинэчлэн найруулж баталсан. 2016 онд Үндэсний хөгжлийн газар хэмээх агентлагийг байгуулсан боловч хөгжлийн бодлого, төлөвлөлтийг бүхэлд нь хариуцах эрх мэдэлгүй, зарим хэсэг асуудал нь Сангийн яаманд хэвээр үлдсэн байдаг. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өрчлөлт оруулахдаа “ Хөгжлийн бодлого, төлөвлөлт нь тогтвортой байна” гэсэн заалтыг оруулсан.

Ийнхүү Монголын эдийн засгийг сонгуульд чиглэсэн бус, харин хөгжил, дэвшилд чиглэсэн, хөгжлийн, бодлого төлөвлөлтийн хүрээнд эдийн засгаа алс хэтийн хөгжлийн бодлоготойгоор хөгжүүлэх хууль эрх зүйн үндэс тавигдсан боловч 2020 оны парламентийн сонгуулиар байгуулагдсан У. Хүрэлсүхийн Засгийн газар “ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн дагуу Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бие даасан яамыг байгуулаагүй, харин ч эсрэгээрээ Соёлын яамыг шинээр байгуулсан билээ. Ийнхүү Монголын эдийн засгийг хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөлтийн үндсэн дээр хөгжүүлэх боломж нөхцөл бүрдээгүй, нөгөө л сонгуульд чиглэсэн эдийн засаг хэвээр үлдсэн. Одоо Оюун-Эрдэнийн Засгийн газар анх байгуулахдаа амласан ёсоороо 2021 оны УИХ-ын намрын чуулганаар Эдийн засаг, хөгжлийн яам байгуулж, Монгол Улсын эдийн засгийг сонгуульд чиглэсэн эдийн засгаас жам ёсны хөгжлийн эдийн засаг болгохыг харах л үлдлээ.

Б.БАТМӨНХ (Монголын Үндэсний Статитискийн газрын дарга, МУИС-ийн Эдийн засгийн тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан, эдийн засгийн ухааны доктор )

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?