Коронавирусийн шинжилгээний хариугаа хүлээн тусгаарлагдаж буй бизнес эрхлэгчид, ажилтнуудад нэмэлт тэтгэмж олгох хөтөлбөрийг Шинэ Зеландын Засгийн газар баталжээ.
Энэ тухай тус улсын Нийгмийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн сайд Кармел Сепулони мэдэгдэв.
“Коронавирусийн шинжилгээ өгсөн ажилтнууд хариугаа хүлээнгээ гэрээсээ ажиллах боломжгүй тохиолдолд ажил олгогч нар 350 шинэ зеланд доллар бүхий төлбөр авах боломжтой. Шинжилгээний хариу гарах хугацаанд олгогдож буй энэхүү төлбөр нь Засгийн газрын эдийн засгийн багц дэмжлэгийн нэг хэсэг юм. Энэ журам 2 дугаар сарын 9-нээс хэрэгжиж эхэлнэ” хэмээн Засгийн газрын цахим хуудаст дурджээ.
Хүмүүсийг коронавирусийн шинжилгээнд олноор нь хамруулах нь халдварт өвчинтэй тэмцэх стратегийн гол шинж хэвээр байгааг Шинэ Зеландын сайд цохон тэмдэглэв.
“Бие тавгүйрхсэн үед хүмүүс ухамсраараа шинжилгээнд хамрагдах, аливаа хүндрэл бэрхшээлийг арилгах нь бидний хувьд маш чухал юм. Дээр дурдагдсан төлбөр нь бизнес эрхлэгчдэд үзүүлэх санхүүгийн дарамтыг бууруулахаас гадна компанийн эздийг халдварт өвчний дэгдэлтийг тогтоон барихад хувь нэмэр оруулах урам зоригийг төрүүлнэ” хэмээн Сепулони ярьсан байна.
Шинэ Зеландын парламент өнгөрсөн оны 5 дугаар сард цар тахлын нөхцөлд үндэсний эдийн засгийг дэмжих зорилгоор 30.5 тэрбум ам.долларын санхүүгийн нэмэлт багцыг баталсан юм.