ЯПОНЫ ГАНЦ БИЕ ХҮМҮҮСИЙГ ХАРИУЦСАН ГАЗАР ЯМАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ВЭ?

2021-02-17  

 Япон хэлэнд “ганцаардал” гэдэг үг хоёр утгаар ойлгогддог аж. Нэг нь ганцаараа амьдардаг хэн нэгнийг илэрхийлдэг бол нөгөө нь олны дунд байхад ч мэдрэх боломжтой нарийн төвөгтэй сэтгэл мэдрэмжийн ганцаардлыг илэрхийлдэг байна.

Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газарт байгуулагдах тусгай хэлтэс нь эдгээр хоёр асуудлыг хоёуланг нь зохицуулах аж. Энэ хэлтсийг Японы Бүс нутгийн хөгжлийн сайд Тэцүши Сакамото удирдахаар болжээ. Хоёрдугаар сарын 12-нд түүнийг мөн ганц бие хүмүүсийн асуудал хариуцсан сайдын албан тушаалд томилжээ. Сакамотогийн эрхлэх албан тушаалыг бий болгох асуудал эртнээс яригджээ. Тийнхүү Японы түүхэнд анх удаа ийм албан тушаал бий болсон аж.

Японы оршин суугчид биологийн насаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэгд тооцогддог. Хорин жилийн дараа Японы иргэд дунджаар 100 насална гэж Засгийн газар тооцоолж байна. Тэдний дийлэнх нь эрч хүч, цовоо байдалтай байсаар дор хаяж 75 насандаа тэтгэвэртээ гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Ганцаараа амьдрах нь аюултай

Гэсэн ч атаархмаар урт наслалтад сул тал гэж бий. Аз жаргалтай хосууд нэг л өдөр хамтдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэх тухай үлгэр домогт л гардаг байх. Японы нийт өрхийн 40 орчим хувь нь 2040 он гэхэд нэг хүнээс бүрдэнэ хэмээн Токиод төвтэй Нийгмийн халамж, хүн ам зүйн үндэсний хүрээлэн хүн амын бүтцэд гарсан сүүлийн үеийн өөрчлөлтийн дүн шинжилгээнд үндэслэн мэдэгджээ.

Япон улсад ганцаардлын асуудал янз бүрийн хүрээнд тэр дундаа эрүүл мэндийн хүрээнд сүүлийн үед улам хурцаар илрэх болжээ. Тодруулбал, ганцаараа амьдрах нь зүрхний өвчнөөр өвдөх эрсдэлийг 29 хувиар нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь өдөрт 15 тамхи татсантай ижил хэмжээний эрсдэл гэдгийг судалгаа харуулжээ. Ганц бие хүмүүсийг төрөл садан, найз нөхдөөрөө хүрээлүүлсэн хүмүүстэй харьцуулахад альцгеймерийн өвчин тусах эрсдэл 2.1 дахин илүү байдаг гэнэ.

Үүний зэрэгцээ Японд өмнө нь хүнтэй гэрлэж байгаагүй хүний тоо улам нэмэгдэх болжээ. Их дээд сургуулиа төгссөний дараа залуусын дийлэнх нь нийгмийн харилцаа харьцангуй хязгаарлагдмал хувийн компаниудад ажилд ордог байна. Тийнхүү компанийн үнэнч цэрэг болсон ажилтнууд бие биетэйгээ танилцаж чадахгүйгээс гадна харилцахаас эмээдэг учир бүхий л насаараа цор ганцаар амьдрах тохиолдол багагүй байдаг аж.

Ийм хүмүүс хэр их байдаг вэ?

Барууны орнуудаас ялгаатай нь Япон улсад олон нийтийн хүрээллээ олж, нэгэн сүсэг бишрэлээр сэтгэлээ даатгах боломжийг олгох сүм хийдийн байгууллага байдаггүй аж. Саяхныг хүртэл ийм боломжийг шөнийн цэнгээний газрууд, уушийн газрууд хангаж байв. Гэсэн ч жилийн өмнө дэгдэж эхэлсэн цар тахал эдгээр боломжийг арилгаж, согтууруулах ундааг оройн долоон цагаас хойш худалдахыг хоригложээ. Уушийн олон газар хаагдсанаас гадна халдвараас сэргийлсэн олон хүн эдгээр газарт очихоос болгоомжилж байв.

Олныг хамарсан вакцинжуулалт эхэлсэн хэдий ч иймэрхүү нөхцөл байдал харьцангуй удаан үргэлжилнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Японд “кодокуси” буюу ганцаараа байж байхдаа нас барах гэдгийг илэрхийлсэн үг байдаг аж. “NHK” телевизийн мэдээлснээр, 2009 онд тус улсад 32 мянган хүн байрандаа ганцаараа байхдаа нас барж, хэсэг хугацааны дараа тэндээсээ олдсон тохиолдлууд гарчээ. Засгийн газар үүнийг хүлээн зөвшөөрч боломгүй явдал гэж үзэж, настай хүмүүст үзүүлэх тусламжийн системээ нэмэгдүүлэхийг зорьсон хэдий ч асуудал бүрэн шийдэгдэх хүртэл өдий байна. 

Амиа хорлох асуудал нь бие, сэтгэлийн ганцаардалтай холбоотой. Өнгөрсөн онд коронавирусийн цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Япон улсад 21 мянга орчим хүн амиа хорлосон нь сүүлийн 11 жилийн хугацаанд хамгийн их тоо юм. 

 

Эх сурвалж: ТОКИО. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?