БИЧЛЭГИЙН АЧААР ГУЙЛГАЧИН ДОНАЛЬД " ОД" БОЛЖЭЭ

2021-03-02  

Дональд залуу насандаа АНУ-ын цэргийн флотод алба хааж байжээ. Тэр цэргийн албаа хааж дуусаад, төрөлх хот эргэн ирж, хайртай бүсгүйтэйгээ амьдрал зохиож, бяцхан хүүтэй болжээ. Түүн шиг аз жаргалдаа бялхаж байсан хүн ховор гэдэг. Эхнэртээ хязгааргүй хайртай, хүүдээ бүр ч хайртай. Гэтэл нэг өдөр эхнэр нь ослоор гэнэт баржээ. Хайртай эхнэрээ алдсан Дональд уй гашууд автаж, улмаар гашуудлаа тайлсаар байгаад архинд донтжээ.

Сэтгэлээ барьж дийлэхгүй, биеэ гаргууд нь хаяж архинд орсон түүнийг нялх хүүхдээ асрах эрхгүй гэдэг шийдвэрийг АНУ-ын шүүх гаргаснаар хүүхдээ ч алдсан байна. Тэр өдрөөс хойш тэр гудамжинд гарчээ. Усанд орох гэдгийг умартсан. Хоол унд , хувцас хунар түүний санааг зовоохоо больсон. Түүнд хоног төөрүүлэх газар, ходоод руугаа шидэх хоолноос өөр бодох зүйл үгүй болсон байна.

Уламжлал ёсоороо Дональд хоол эргүүлж явтал Зоогийн газрын гадна талбайд хэд хэдэн пиано хөгжим гаргаж тавьсан байх нь түүний анхаарлыг татжээ. Түүгээр явах, зорчих хүмүүс дураараа тоглож харагджээ. Нэгэн залууг хөгжмийн араас босохоор нь Дональд зориглон суужээ. Хүмүүс түүнийг хориглоогүй ч, ихэд гайхан харав. Харин тэр төдөлгүй пиано хөгжмийг гайхалтай тоглож эхэлжээ.

Түүний тоглохыг шимтэн сонссон нэг залуухан эмэгтэй түүний дэргэд зогсож, гар утсаараа бичлэг хийв. Тэр бичлэгээ Youtube-д байрлуултал 2 сая гаруй хүн үзэж, түүнээс хойш Дональдын амьдралыг эрс өөрчилжээ.

Түүний намтрыг ч, яагаад гуйлгачин болсныг ч бичлэгийн араасаа тэр эмэгтэй оруулсан нь олон хүний өрөвдөх сэтгэлийг өджээ. Түүнд хандив өргөх үйл ажиллагаа өрнөж, Дональдыг маш том буяны концертод тоглохыг ч урьжээ.

Дональд бусдын адил орон байртай болж, үс зүсээ засуулж, энгийн амьдралд шилжжээ. Түүний хотод үйл ажиллагаагаа эрхэлдэг Итали ресторан түүнийг хөгжимчнөөр хөлслөн авчээ.

Дональд энгийн амьдралд шилжсэнээр бас нэгэн мөрөөдлөө биелүүлэх боломж нээгдсэн. Тэр нь 15 жил барааг нь хараагүй хүүтэйгээ уулзах явдал байлаа. Орон нутгийн хэвлэл энэ боломжийг нь олгосон байна.

Дональд уул нь АНУ-ын тэнгисийн флотод алба хаасан гэж өмнө нь дурдсан.
Тэр армид алба хааж байхдаа хэд хэдэн хөгжмийн зэмсгийг чадварлаг эзэмшсэн хөгжимчин байсан гэдэг. Сүүлд хөгжмийн багш хийе гэж бодож байсан ч амжилгүй, архинд живсэн тухай та мэдэх болсон. Тэр одоо хүүтэйгээ уулзсан. Хамт амьдрах эрхээ сэргээлгэсэн байна. Ингэж ердийн нэг бичлэг гуйлгачин хүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн түүхтэй аж.
 

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?