ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨ ХӨДӨЛМӨРЛӨДӨГ НИЙГМИЙГ ЦОГЦЛООХЫГ УРИАЛЖЭЭ

2021-03-09  

Эмэгтэйчүүдийнхээ төлөө хөдөлмөрлөдөг нийгмийг цогцлоохыг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис өрнөдийн орнуудад уриалжээ.

“Эмэгтэйчүүдийнхээ төлөө ажилладаг нийгмийг цогцлоовол манай улс үндэстнүүд илүү хүчирхэг, аюулгүй болно. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр илүү шийдэмгий, нэгдмэл байцгаая” хэмээн тэрбээр Европын парламентын депутатуудад хандан мэдэгджээ.

“Ийм нийгмийг бид хэрхэн цогцлоох вэ? Юун түрүүнд бид эмэгтэйчүүдээ гэртээ болон бусад газарт аюулгүй байлгах боломжоор нь хангах ёстой. Эмэгтэйчүүд эмнэлгийн өндөр чанартай үйлчилгээ авч, тэдэнд үүссэн эмнэлгийн онцгой хэрэгцээ, шаардлагыг нь хангах ёстой. Үүнээс гадна бид ажлын байран дээр эмэгтэйчүүдтэй хүндэтгэлтэй харьцах, гэр бүлээ халамжлахын зэрэгцээ сайн ажиллах хүчин байх боломжийг нь хангахын тулд шаардлагатай бүтцийг бий болгох ёстой юм. Мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдэд эрх тэгш дуу хоолойгоо өргөх боломжийг олгох хэрэгтэй” хэмээн тэрбээр ярьжээ.

Эдгээр зорилгыг хэрэгжүүлэх нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны эн тэргүүнд  тавьсан зорилтуудын нэг гэдгийг тэрбээр цохон тэмдэглэв.

Харин Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен мэдэгдэхдээ, Европын Холбооны орнуудад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа 40 хувьд байна гэжээ. Түүнчлэн хөдөлмөрийн чадвартай эмэгтэйчүүдийн 67 хувь нь хөдөлмөр эрхэлж байхад эрэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 77 хувь байгааг цохон тэмдэглэсэн байна. Энэ тэгш бус байдлыг арилгаж, 2030 он гэхэд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг 78 хувьд хүргэхээ Фон дер Ляйен онцолжээ. 

 

Эх сурвалж: БРЮССЕЛЬ. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?