ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН СУПЕР КОМПЬЮТЕР БҮРЭН ХҮЧИН ЧАДЛААРАА АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2021-03-09  

Дэлхийн хамгийн хурдан супер компьютер болох “Fugaku”-г бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах ёслол өнөөдөр Кобе хот дахь Японы Байгалийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн (RIKEN) тооцоолон бодох төвд боллоо.

Эхэндээ “Fugaku”-г дөрөвдүгээр сард бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөж байсан боловч коронавирусний халдварын тархалттай холбоотой яаралтай судалгаа хийх шаардлага гарч, энэ үйл явцыг хурдасгахаар шийджээ.

Японы супер компьютерыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хэсэгчлэн ашиглалтад оруулсан бөгөөд зургаадугаар сард дэлхийн хамгийн хурдан супер компьютеруудын жагсаалтыг тэргүүлсэн юм. Энэ статус 11 дүгээр сард дахин батлагджээ. “Fugaku” хурдны үзүүлэлтээс гадна, аж үйлдвэрлэлийн хэрэглээ, хиймэл оюун ухааны салбарт ашиглах, их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийх үед хамгийн сайн гүйцэтгэлийг харуулсан байна. 

Энэхүү супер компьютерыг “Fujitsu” корпораци RIKEN хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран бүтээжээ. “Fugaku” секундэд 415.5 квадриллион үйлдэл гүйцэтгэдэг байна. Энэ нь секундэд 148.6 квадриллион үйлдэл гүйцэтгэдэг үзүүлэлтээрээ өмнө нь хамгийн хурдан супер компьютерт тооцогдож байсан Америкийн "Ок-Риж" үндэсний хүрээлэнгийн “Summit” супер компьютероос бараг гурав дахин хурдан гэсэн үг юм. Хамгийн хурдан супер компьютеруудын жагсаалтын гуравдугаарт Америкийн бас нэг супер компьютер орж байгаа бол дөрөв, тавдугаарт Хятадын машинууд бичигдэж байна.

Одоогоор “Fugaku”-г зуу гаруй төрлийн судалгаанд ашиглахаар төлөвлөж байгаа аж. 

 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?