ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ТАВАН ЭЭЛЖЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА

2021-03-11  

Төрийн албаны ерөнхий шалгалт энэ оны гуравдугаар сарын 12-14-ний өдөр Ховд аймагт болно. Энэ удаагийн шалгалтад оролцох иргэдийг нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хоёрдугаар сарын 25 хүртэлх хугацаанд цахимаар бүртгэжээ. Үүнд нийт 395 иргэн бүртгүүлсэн аж.

Төрийн албаны зөвлөлийн Ховд дахь салбар зөвлөл нэг өдөрт таван ээлжээр иргэдийг шалгалтад оруулна. Өөрөөр хэлбэл, нэг ээлжинд 29 иргэнийг шалгалтад оруулахаар бэлтгэл хангасан байна.

Дээрх өдрүүдэд 07.00, 10.00, 12.30, 15.00, 17.30 гэсэн цагийн хуваарийн дагуу шалгалт авч, гурван өдөрт багтаан дуусгах аж.  

2020 онд Төрийн албаны ерөнхий шалгалтад Ховд аймгаас 460 иргэн оролцохоор бүртгүүлж 376 иргэн шалгалтад орсон. Үүнээс 122 нь тэнцсэн байдаг. Тухайн үед улсын хэмжээнд таван иргэн 100 оноо, 10 иргэн 99 оноо, 15 иргэн 98 оноо авсан. Харин 22 иргэн 97 оноо авсны нэг нь Ховд аймгаас оролцсон иргэн байжээ. 

Энэ удаагийн шалгалтад оролцогчдоос 100 оноо авч тэнцвэл Ховд аймгийн төрийн албанд гэрээгээр томилж, дадлагажуулахаар төлөвлөж байна гэж Ховд аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Энхболд мэдээллээ. 

Тухайн иргэн дадлагажих хугацаандаа төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцэх ёстой. Ингэснээр төрийн жинхэнэ албан хаагч болох үүд хаалга нээлттэй болох аж. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?