ОРОСТ "TWITTER"-ИЙГ САРЫН ДАРАА ХААЖ МАГАДГҮЙ

2021-03-17  

Хуулиар хориглосон мэдээллийг устгах шаардлагыг биелүүлэхгүй бол ОХУ-д олон нийтийн “Twitter” сүлжээ сарын дараа хаагдаж магадгүй байна.

Энэ тухай Роскомнадзор буюу Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хяналт шалгалтын хорооны орлогч дарга Вадим Субботин мэдэгджээ. 

““Twitter” бидний хүсэлтэд зохих ёсоор нь хариу өгөхгүй байна. Хэрэв ийм байдал үргэлжилбэл сарын дараа шүүхээс гадуур хаана" гэж Субботин хэллээ.

Түүний хэлснээр, хэрэв хориглосон мэдээллийг устгах асуудлаар холбогдвол “Twitter” ОХУ-д хаагдахаас зайлсхийх боломжтой. Роскомнадзор одоогоор “хууль бус контентыг устгах талаар “Twitter”-ээс хийсэн тодорхой алхмуудыг бүртгээгүй байна" гэж Субботин мэдээлжээ.

ОХУ-ын Төрийн Дум “Twitter”-ийг хааж болзошгүйг үндэслэлтэй арга хэмжээ гэж үзжээ. Энэ тухай Төрийн Думын Мэдээллийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга Сергей Боярский мэдэгдсэн байна.

Гуравдугаар сарын 10-ны өглөө Роскомнадзор “Twitter”-ийн хурдыг удаашруулж, хязгаарлах арга хэмжээ авснаа мэдэгдсэн билээ. Тус олон нийтийн сүлжээ 2017 оноос хойш хууль бус агуулга бүхий гурван мянга гаруй мэдээллийг устгаагүй тул ийм арга хэмжээ авчээ. “Twitter” сүлжээг хязгаарласны дараа Кремль, Засгийн газар, Төрийн Дум, Холбооны улсын Зөвлөл, Роскомнадзор зэрэг төрийн байгууллагуудын цахим хуудас нээгдэхээ больсон бөгөөд гарсан алдааг “Twitter”-ийн эсрэг авсан арга хэмжээтэй ямар ч холбоогүй гэж тайлбарласан юм.

ОХУ-ын эрх баригчид дотоод интернэтийн сүлжээгээ шаардлагатай тохиолдолд гадаад ертөнцөөс тусгаарлах боломжийг олгосон хуулийн төслийг 2019 онд баталсан билээ.

 

Эх сурвалж: МОСКВА. /interfax/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?