ИРАНЫ ЦӨМИЙН ГЭРЭЭНИЙ ТАЛААР ШИНЭ ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЖ БАЙГААГ САЙШААВ

2021-04-06  

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ираны цөмийн хэлэлцээрийн асуудлаарх хамтарсан комиссын хурлыг мягмар гарагт зохион байгуулахаар болсныг сайшаажээ.

Энэ тухай түүний албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик даваа гарагт товч мэдээлэл хийхдээ мэдэгдсэн байна.

"Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээ болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний бүх гишүүн энэхүү олон улсын чухал хэлэлцээрийг хадгалахын тулд бүтээлч яриа хэлэлцээ хийж, дипломат ёсыг ашиглахад чиглэсэн идэвхтэй хүчин чармайлт гаргаж байгааг бид маш их сайшааж байна" гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Ираны цөмийн хэлэлцээрт оролцогч талууд дөрөвдүгээр сарын 2-нд цахим уулзалт хийжээ. Тэд АНУ-ыг энэхүү гэрээнд эргэн нэгдэхэд нааштайгаар нөлөөлөхөд бэлэн байгаагаа, мөн цөмийн хэлэлцээрийг хадгалан үлдэх амлалтаа дахин нотоллоо гэж Европын Холбооны гадаад бодлогын алба мэдээлсэн байна. Цөмийн хэлэлцээрийн асуудлаарх комиссын дараагийн хурлыг дөрөвдүгээр сарын 6-нд Австрийн нийслэл Вена хотод нүүр нүүрээ харан хийхээр товложээ.

Сануулан дурдахад, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд болох ОХУ, Их Британи, БНХАУ, АНУ, Франц болон Герман гэсэн зургаан том гүрэн 2015 оны долоодугаар сард Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрч, Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө /Ираны цөмийн хэлэлцээр/ гэдэг нэртэй гэрээг байгуулсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп тус улс уг гэрээнээс гарч байгааг 2018 оны тавдугаар сард мэдэгдсэн билээ. 

 

Эх сурвалж: НҮБ. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?