Коронавирусийн цар тахлын улмаас өнгөрсөн онд Европын Холбооны /ЕХ/ ихэнх улсад дундаж наслалт буурсан тухай Евростат агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлэлд дурдсанаар, 1960-аад оноос хойш дундаж наслалт арван жилд дунджаар хоёр гаруй жилээр нэмэгдсэн байна. Харин 2020 онд цар тахлын үед ЕХ-ны 27 орноос 22-т нь дундаж наслалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурчээ. Ингэхдээ хамгийн их бууралт Испани (-1.6 жил), Болгар (-1.5 жил), Литва, Польш, Румын (тус бүр -1.4 жил) улсуудад ажиглагдсан байна.
Үүний зэрэгцээ ЕХ-ны ихэнх оронд дундаж наслалт эрэгтэйчүүдийн дунд мэдэгдэхүйц буурсан бөгөөд Болгар (-1.7 жил), Латви, Польш (тус бүр -1.5 жил), Испани, Румын (тус бүр -1.4 жил) улсуудад хамгийн их буурчээ.
Хүн ам хөгширч, төрөлт буурч байгаа зэрэг ЕХ-ны хүн ам зүйн асуудлуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан Европын Комиссын "Хүн ам зүйн өөрчлөлтийн үр дагавар" тайланд дурдсанаар, 2070 он гэхэд ЕХ-ны орнуудад хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо 18 хувиар буурч, 65 ба түүнээс дээш насныхны эзлэх хувь 30.3 хувь болж нэмэгдэнэ. Мөн дэлхийн хүн амын 4 хүрэхгүй хувийг ЕХ-ны нийт хүн ам эзлэх бөгөөд энэ үзүүлэлт 1960 онд 12 орчим хувьтай байжээ.
Эх сурвалж: БРЮССЕЛЬ. /TASS/