ХАИТИД ГАЗАР ХӨДӨЛСНИЙ УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО НЭМЭГДЖЭЭ

2021-08-16  

 Хаити улсын баруун өмнөд нутагт болсон 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1297-д хүрч, 5700 гаруй хүн гэмтээд байна гэж тус улсын Иргэний хамгаалалтын газраас мэдээлжээ.

Урьд нь тус байгууллага байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 724 хүн амиа алдсан гэж мэдээлж байв. Карибын тэнгисийн тус орны иргэд аюулгүй байдлаа хангахын сацуу байшин барилга, зочид буудал гэх бусад байгууламжийн нурангинд дарагдсан хүмүүст тусалж байна.

Бямба гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас зарим суурин бараг бүхэлдээ нурснаас гадна хөрсний гулгалт үүссэн нь байгалийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн газруудад явуулж буй аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгааг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.

Хаитид коронавирусийн цар тахал дэгдээд байгаагийн зэрэгцээ ерөнхийлөгчийн амь насанд хүрсэн хэрэг гарч, бүлэглэлийн түрэмгий байдал газар аваад буй үед ийнхүү байгалийн гамшиг нүүрлэсэн нь хаитичуудын нөхцөл байдлыг улам дордуулаад байна.

Газар хөдлөлтийн голомт нийслэл Порт-о-Пренс хотоос баруун зүгт 125 км зайд байсан гэж АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлжээ. Хаитийн Ерөнхий сайд Ариель Хенри улсын хэмжээнд нэг сарын хугацаатай онцгой байдал зарласан бөгөөд хохирлын хэмжээг тодорхойлох хүртэл олон улсын тусламж хүсэхгүй гэдгээ мэдэгджээ. 

Урьдчилсан мэдээллээр, газар хөдлөлтийн улмаас 860 гаруй байшин барилга нурж, 700 гаруй барилга сүйджээ. Үүнээс гадна “Грейс” далайн шуурга Хаитиг даваа гаргийн орой юм уу мягмар гаргийн өглөө дайран өнгөрч, хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул байгалийн гамшгаас үүдэлтэй хохирол ирэх долоо хоног гэхэд улам нэмэгдэж болзошгүй байна. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?