ТАЛИБУУД АНУ, НАТО-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ХАЙЖ ЭХЭЛЖЭЭ

2021-08-20  

Эрх мэдлийг гартаа авсан Афганистаны талибууд АНУ, НАТО -гийн цэргүүд, түүнчлэн барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байсан хүмүүсийг эрэн хайх ажлыг эрчимжүүлжээ. Эдгээр хүмүүс болон тэдний төрөл төрөгсдөд цаазаар авахуулах, эрүүдэн шүүгдэх эсвэл баривчлах ялаар шийтгүүлэх аюул нүүрлээд байна.

НҮБ-ын тусгай тайлангаас эш татан “The New York Times” сонинд мэдээлснээр, талибууд ялангуяа барууны орнуудын онгоцоор эх орноосоо дүрвэн гарахаар Кабулын нисэх онгоцны буудлын ойролцоо цугларсан олон тооны афганчуудын дунд ийм хүмүүсийг хайж байгаа аж.

Энэ байдал нь саяхан түлхэгдэн унасан засгийн газрын гишүүд болон дэмжигчдээс өшөө авахгүй байх талибуудын амлалттай шууд зөрчилдөж байна гэж НҮБ-ын аюул заналын үнэлгээний асуудлаарх зөвлөхүүдийн нэг холбогдох тайландаа онцлон тэмдэглэжээ.  

Талибууд байцаалт авах, шийтгэхийг хүсэж буй хүмүүсийн, мөн тэдний байгаа газрын жагсаалтыг хэдийн гаргасан гэж тайланд тэмдэглэсэн байна.

Тайланд дурдсанаар, талибууд одоо айлуудаар явж, "хэрэв сайн дураараа бууж өгөхгүй бол ийм хүмүүсийн гэр бүлийн гишүүдийг айлган сүрдүүлж, баривчилж байгаа аж".

Афганистаны цэргийн албан хаагчид болон цагдаа нар, мөн түлхэгдэн унасан Засгийн газрын мөрдөн байцаах газруудад ажиллаж байсан хүмүүс онцгой эрсдэлтэй байна. 

Лалын хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн Афганистаны Исламын Эмирт Улс байгуулснаа зарласан тухай өмнө нь мэдээлсэн билээ.

Энэ мэдэгдлийг Афганистан Британийн эзэнт гүрнээс тусгаар тогтносны 102 жилийн ойгоор хийсэн юм.

Тус хөдөлгөөнийхөн "Афганистаны Исламын Эмирт Улс" гэх нэрийг 1996-2001 он хүртэл үргэлжилсэн харгис хэрцгий засаглалынхаа үеэр ашиглаж байжээ.

Афганистаны зарим хотод тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Лхагва гарагт Афганистаны Нангархар мужийн Жалалабад хотод “Талибан”-ы дайчид жагсагчид руу гал нээсний улмаас дор хаяж гурван хүн амиа алдаж, арав гаруй хүн шархаджээ. Нутгийн оршин суугчид “Талибан”-ы тугны оронд Афганистаны төрийн далбааг хотын талбайд байрлуулахыг оролдох үед талибууд гал нээсэн байна.

Наймдугаар сарын 15-ны ням гаргийн өглөө талибууд Кабулыг бүслэн, байлдаангүйгээр эзлэн авсан юм. Талибууд Афганистаны бүх нутаг дэвсгэрийг хяналтдаа авсан гэж мэдэгджээ.

Удалгүй “Талибан”-ы улс төрийн газрын төлөөлөгч Мухаммед Наим Афганистанд дайн дууссаныг зарлав. Тэрбээр дипломат байгууллагуудын нэг нь ч халдлагад өртөөгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

НҮБ -ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Афганистанд үүсээд буй терроризмын аюулыг даван туулахын тулд олон улсын хамтын нийгэмлэгт нэгдэхийг уриалсан юм.

 

Эх сурвалж: КАБУЛ. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?