У.ХҮРЭЛСҮХ: ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТЭЭ ЭРЧИМЖҮҮЛЭХЭД ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛ ЧУХАЛ

2021-09-13  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна.

Зөвлөлдөх уулзалтад оролцож буй төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөлгч нар байр сууриа илэрхийлж байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Өнөөдрийн байдлаар 232 мянга гаруй иргэн халдвар авч, 963 хүн халдварын улмаас нас барсан. Аюулт цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ардаас харамсан гашуудаж байна. Тэдний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Цар тахлаас ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн уналтыг зогсоох, сэргээх чиглэлээр төр засгаас тодорхой ажлыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр Монгол  Улсад хийгдэж буй дархлаажуулалтын ажил харьцангуй хурдтай явж байна. Нийт хүн амын 65 хувь нь буюу 2.1 сая хүн хоёр дахь тунд бүрэн хамрагдсан. Энэ үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн улс орнуудын эхний аравт багтаж байна. Засгийн газар гурав дахь тунгийн вакцинжуулалтын ажлыг наймдугаар сарын 30-наас эхлүүлсэн. Бүх зүйл санасны дагуу сайн сайхан байсангүй. Бидэнд урьдчилан тооцоолох боломжгүй олон асуудал байсан. Цаашид цар тахлын үед олж авсан ололт амжилт, алдаа дутагдлаас суралцаж, үнэлэлт өгч бодлогоо илүү зохион байгуулалттай тодорхойлно. Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн сэргэлтээ эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт үр дүнтэй нэгдмэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол өмнөхөөс илүү чухал байна. Тиймээс эрхэлсэн ажилдаа эзэн ёсоор хандаж, улстөржилтөөс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал дарамт шахалтыг халах шаардлагатай байна.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал хаана нь хүрч дуусахыг бид мэдэхгүй. Эрүүл мэнд,эдийн засгаа хамтад нь анхаарч, бодит үнэнтэй нүүр тулах, цар тахлыг даван туулах цаг ирлээ. Дэлхий даяар тээвэр логистикийн үйл ажиллагаа удааширлаа. Учир нь, улс орнуудын вакцинжуулалт харилцан адилгүй байгаагаас тээврийн шаардлага, дүрэм журам өөр өөр байна. БНХАУ ирэх онд өвлийн олимпийг зохион байгуулах тул хил гаалиа хатуу хяналт дор ажиллуулж байна. Цар тахал бол хөдөлгөөний хязгаарлалт, эдийн засгийн агшилт гэдгийг бид бүгд харлаа. Дэлхийн эдийн засаг уналттай байгаа ч түүхий эдийн үнэ өсөлттэй байгаагийн дүнд 5.3 хувиар агшсан эдийн засаг аажим сэргэж байна..


"Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан: Монгол Улсад архидан согтуурах явдал хэтэрч, ажил хийх хүн алга боллоо. Архины онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин өндөр. УИХ  татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Улсын төсөв бол нэг тогоо. Аймгуудын Засаг дарга нар орон нутгийн төсвийнхөө 50 хувийг өөрсдөө бүрдүүлэх цаг боллоо. Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ. Тээврийн улмаас юмны үнэ их өслөө. Эндээс түүхий эд ачсан галт тэрэг буцахдаа хоосон ирдэг. Үүнийг хориглох хэрэгтэй. Гашуунсухайтад нарийн хоолойгоор бараа гарч байна. Энэ боомтод чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө. Машинаа нэмээд ч нүүрсний  гаргалт өссөнгүй. ОХУ манайд 40-60 хувийн худалдааны татвар тавьсан. Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Төгсгөлд нь бензинээс онцгой албан татвараа авдаг болъё. Манайх шиг татваргүй улс алга.


Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Эдийн засгийг сэргээхийн тулд Аж ахуй нэгжүүдийг шалгах шалгалтаа зогсоохыг хүсч байна. Долоо хоногт 3200 байцаагч явж, аж ахуйн нэгжүүдийг шалгаж байна. Үүнийг зогсоогооч, хариуцлагыг нь ажил олгогч бид хүлээе. Төр битгий оролц. Эдийн засаг хүндэрсэн учраас 2021-2022 онд аж ахуйн нэгжэд ямар нэгэн торгууль тавихгүйгээр өнгөрөөч. Энэ үед нь хяналт шалгалт хийгээд торгууль, алданги тооцохоо болих хэрэгтэй. Хэрэв 2021-2022 онд борлуулалтынхаа орлогыг нэмсэн аж ахуйн нэгж байгаа бол татвараас чөлөөлөөсэй. Тухайлбал, 100 сая төгрөгийн борлуулалтыг 150 сая болгосон бол 50 сая төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөөсэй гэж хүсч байна.


MCS группын Ерөнхийлөгч Ж.Оджаргал: Манай эдийн засаг зэс, алт, нүүрс, цайрын орлогоос бүрддэг. Зэс, алт нийлээд 2 тэрбум ам.долларын экспорт болдог. “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга”-ын төсөл хэрэгжиж л зэс, алтны борлуулалт өснө. Нүүрс 2 тэрбум ам.долларын орлого авчм ирдэг. Одоо нүүрсний үнэ оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтын терминалыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага бий. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн экспортод ихээхэн нөлөөтэй. Эдгээр салбарыг төрөөс дэмжих юм байна гэж ойлголоо. Худалдааны санхүүжилтийн хэрэгслийг хурдан шийдвэл том төслүүдэд Засгийн газрын баталгаа чухал үүрэгтэй. Төр хувийн хэвшил хамтран ажиллах гэж байгаа бол Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа эерэг нөлөөтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар эдийн засгийн нэг цонхны бодлого явуулах болсныг баяртайгаар хүлээн авч байна.


Монголын Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва: Өнөөдөр Монгол Улс хүнсний хангамжийн 45 хувийг импортоор авч байна. Хүнсний бие даасан байдал алдагдсан. Бид хүнсний үйлдвэрлэл, цаашдын чиг хандлагаа тодорхой болгох ёстой. Энэ салбарт 580 мянган хүн ажиллаж байна. Түүхий эд бэлтгэхэд гадна, дотнын зээл, тусламжаар дэмжвэл бид дотооддоо гурил, сүү, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний хэрэгцээгээ 2030 он гэхэд 80-100 хувь хангаж чадна.

 

Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд дээрх саналуудыг нэгтгэн, цар тахлын үед эдийн засгийг сэргээх зөвлөмж боломж боловсруулах юм.

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?