НООЛУУРЫГ ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ СҮЛЖЭЭГ ӨРГӨЖҮҮЛНЭ

2021-09-13  

Тогтвортой ноос ноолуурын эвслээс “Ноолуурын салбар дахь тогтвортой байдал” цахим хурлыг энэ сарын 14-16-нд зохион байгуулна.

Хурлаар ноолуурын түүхий эдийг байгальд хор нөлөө бага, хариуцлагатай, ил тод зарчмаар бэлтгэн нийлүүлэх арга туршлага, чиг хандлага, сорилтын тухай хэлэлцэх юм.

Монгол Улс дэлхийн ноолуурын 40 хувийг дангаар нийлүүлдэг ч байгальд үзүүлж буй хор нөлөө, бэлчээрийн доройтол нь тулгамдсан асуудал хэвээр байгаа. ТННЭ 2015 онд байгуулагдсанаас хойш мал маллах, бэлчээр ашиглах, байгальд хор уршиг багаар ноос ноолуур бэлтгэх дадал, мал амьтны ая тухтай байдлыг хангах олон улсын стандартыг малчдад хэвшүүлж эхэлжээ. Эдгээр дадал, стандартыг баримталсан малчид самнасан ноолууртаа “SFA Certificate” шошго хадах эрхтэй. Ийм шошготой ноолуур үнэ цэнтэй, чанартай бөгөөд энгийн аргаар бэлтгэсэн ноолуураас илүү аж.

Худалдан авагчдын дунд тогтвортой түүхий эдийн эрэлт нэмэгдэж байгаа тул ТННЭ 2024 он гэхэд 2000 тонн ноолуур экспортлохыг зорьж байна. Одоогоор ТННЭ “Үлэмж Кашимер”, “Ханбогд” зэрэг олон жилийн туршлагатай бэлтгэн нийлүүлэгч, 21 аймаг дахь малчдын хоршоотой хамтран 2020 онд 90 гаруй тн, шошого бүхий ноолуурыг дэлхийн зах зээлд нийлүүлжээ. Өнгөрсөн оны нийт экспортын 44.4 хувийг “Үлэмж Кашимер”, “Ханбогд” компани бэлтгэсэн байна. 

Дэлхийн ноолуурын зах зээлийн чиг хандлагаас хоцрохгүйн тулд ТННЭ нь дээрх цахим хурлыг 2 жил тутам зохион байгуулж, тулгамдаж буй цаг үеийн асуудлыг шийдэх, туршлага солилохос гадна түншлэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх давуу талыг үндэсний үйлдвэр, бэлтгэн нийлүүлэгчдэд олгож байгаа юм. Цахим хурлын үеэр олон улсын цахим үзэсгэлэн яармагийг эхлүүлж, дэлхийн топ брэнд Dior, Gucci, Burberry, дотоодын тансаг зэрэглэлийн ANNA, Oyuna нарын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, дотоодын томоохон бэлтгэн нийлүүлэгчид олон улсын худалдан авагчдад түүхий эдээ сурталчилна. Цахим хурал, үзэсгэлэн яармагт оролцох хувь хүн, байгууллага энэхүү холбоосоор бүртгүүлэх боломжтой.

Тогтвортой ноос ноолуурын эвсэл нь Лондон хотод төвтэй ашгийн бус байгууллага юм. Ноолуурыг тогтвортой үйлдвэрлэхээр 2015 оноос эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, хөгжлийн санаачилга, ТББ-ыг багтаасан бие даасан, өрсөлдөөнт биш байр суурийг баримтлан, нийлүүлэгч, брэндүүдийг эгнээндээ нэгтгэсээр байгаа аж.

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?