АНУ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯЗГААРЛАЛТАА СУЛРУУЛНА

2021-09-21  

 АНУ ирэх 11 дүгээр сарын эхэн үеэс хилийн чанадаас ирж буй гадаадын аялагчдад тавьж буй зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа сулруулж эхэлнэ гэдгээ даваа гарагт мэдэгдэв.

Хэдийгээр Европын орнууд аяллын зуны улирлыг угтан сүүлийн саруудад Америкийн аялагчдад тавьсан хязгаарлалтуудаа сулруулсан ч АНУ-ын хувьд цар тахлын улмаас 18 сарын турш гадаадын аялал жуулчлалыг хязгаарлаад байгаа юм.

Цагаан ордны “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан төлөөлөгч Жефф Зиентс АНУ-ын шинэ бодлогын талаар танилцуулахдаа, гадаадын жуулчид вакцинд бүрэн хамрагдсан, гурван хоногийн дотор өгсөн “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд АНУ руу нэвтрэхийг зөвшөөрнө гэв.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны хувьд энэхүү шийдвэрийг сайшаагаад, гадаадын аялагчид Талархлын баяраас өмнө АНУ-д зорчих боломжтой болж буйг онцолжээ. Энэхүү баярыг энэ онд 11 дүгээр сарын 25-нд тэмдэглэх юм. Мөн Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан Нью-Йоркт сэтгүүлчдэд, АНУ-ын шийдвэрийг мөн л таатайгаар хүлээн авч буйгаа илэрхийлжээ.

АНУ-ын Аялал жуулчлалын холбооны мэдэгдсэнээр, энэхүү шийдвэр нь Америкийн эдийн засгийг сэргээхэд хэвь нэмрээ оруулна. “Энэ бол вирусний менежментийн хувьд томоохон шийдвэр бөгөөд олон улсын зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудын нөлөөнд өртсөн олон сая ажлын байрыг сэргээх явцыг түргэтгэнэ” гэж тус холбооны тэргүүн Рожер Доу мэдэгдсэн байна.

Тийнхүү вакцинд бүрэн хамрагдсан аялагчид АНУ-д ирснийхээ дараа тусгаарлагдах шаардлагагүй байна. Харин Жо Байдены засаг захиргаа олон сая иргэндээ вакцинд хамрагдахад нь түлхэц өгөхийн тулд вакцинд хамрагдаагүй америкчууд хилийн чанадаас ирэхээсээ нэг хоногийн өмнө болон ирснийхээ дараа шинжилгээ өгөх шаардлага тавих ажээ. Засгийн газрын мэдээллээр, Америкийн 181 сая гаруй иргэн вакцинд бүрэн хамрагдаад байгаа боловч вакцинд хамрагдах насны 70 сая хүн вакцин хийлгэхээс татгалзаад байгаа юм байна.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /VOA/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НӨХӨН СОНГУУЛИЙН ҮР ДҮНТЭЙ САНАЛ НИЙЛЖ БАЙНА УУ?