Монголд жинхэнэ утгаараа оршин тогтнож буй хоёрхон нам бий. Нэг нь эрх баригч МАН. Нөгөө нь түүнийг хянах үүрэг бүхий АН. Тиймээс АН аль болох хурдхан өндийх нь нийгмийн захиалга. Ерөнхийлөгчийн сонгуулиар эрх баригч МАН гол өрсөлдөгч Ардчилсан Намыг хөлдөө чирсэн. Намыг нь даргын сонгууль нэрээр хоёр хувааж, гишүүдийг нь талцуулсан. Хэргээ бүтээсэн МАН-д одоо АН хэрэггүй. Нөхөн сонгуулиар аль намаас хэн гэдэг нэр дэвшигч сонгогдох нь ч МАН-д нэгэнт ач холбогдолгүй болсон. Тиймээс АН хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр даргаа сонгох бололцоотой болсон. Дээрээс нь, нэр, нөлөө бүхий гишүүд нь ч хоёр талаас сонгогдсон намын хоёр даргаа шахсан. - Та хоёр нэгдэж хуралдаж, хэн нэгнийгээ даргаар сонгох боломжтой. Үгүй бол эхнээс нь дахин шинээр намаа хуралдуулж, өөр нэр дэвшигч дэвшүүлнэ гэж сүрдүүлсэн нь нөлөөгөө өгсөн гэж АН-ын эх сурвалж мэдээллээ. Цогтгэрэл, Тулгат нарын хоёр тал ийнхүү зөвшилцөж, “Эв нэгдлийн хурал”-ыг Чингис хааны төрсөн өдөр буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдуулж, намын нийт гишүүдийн дунд санал хураалтаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарын нэгийг нь АН-ын даргаар сонгох болжээ.
Ц.ЭНХБАТ