ЯПОН УЛС ВАКЦИНД ХАМРАГДСАН АЯЛАГЧДЫН ТУСГААРЛАГДАХ ХУГАЦААГ БОГИНОСГОНО

2021-09-28  

Японы Засгийн газар хилийн чанадаас ирж буй, “COVID-19”-ийн вакцинд хамрагдсан иргэдийн тусгаарлагдах журмыг ирэх 10 дугаар сарын 1-нээс эхлэн сулруулж, өөрийгөө тусгаарлах хугацааг 14 хоногоос 10 хоног болгон богиносгоно гэдгээ даваа гарагт мэдэгджээ.

“Вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс 10 хоног тусгаарлагдсаны дараа өгсөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд гадуур гарах боломжтой болно” гэж Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацүнобү хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Энэхүү шийдвэр нь зөвхөн “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca” компанид гарган авсан вакцинд хамааралтай бөгөөд Японд олгосон юм уу хүлээн зөвшөөрөгдсөн “вакцины паспорт” шаардлагатай ажээ.

Одоогоор Их Британи, Энэтхэг зэрэг коронавирусний хувилбаруудын тархалтын улмаас эрсдэл өндөртэйд тооцогдож буй улсаас ирж буй иргэдийн хувьд 14 хоног тусгаарлагдаж, эхний гурван өдрийг нь тусгай зориулалт бүхий тусгаарлагдах байранд байрлаж байгаа юм. Харин цаашид вакцинд бүрэн хамрагдсан тохиолдол ийм шаардлага тавихгүй.

Гэсэн хэдий ч есөн улсаас ирэх аялагчдын тусгаарлагдах журмыг чангатгаж, вакцины хоёр тунд хамрагдсан эсэхийг нь үл харгалзан 14 хоногийн эхний зургаан хоногийг зориулалтын байранд байрлах шаардлагатай болох ажээ. Үүнд Аргентин, Бразил, Коста-Рика, Колумби, Перу, Филиппин, Суринам, Тринидад ба Тобаго, Венесуэл багтжээ.

Одоогийн байдлаар Япон улс нь гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг ерөнхийдөө зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өөрийн орны иргэд болон Японд амьдардаг гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлж байгаа юм.

“Хилийн хяналтыг эргэн нягтлах олон үе шат бүхий арга хэмжээний эхний алхмын хүрээнд тусгаарлалтын журмыг сулруулж байна. Цаашид бид хилийн чанад дахь “COVID-19” халдварын нөхцөл байдлыг харгалзан холбогдох шийдвэрийг гаргана” гэж К.Кацүнобү мэдэгджээ.  

 
 
Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?