Монголын төр бол МАН болсон. УИХ-ын 76 гишүүний 64 нь МАН-ын гишүүд. УИХ-д хоёр парламент дараалан үнэмлэхүй олонхи болсон МАН 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулахын тулд МАХН-ыг залгисан. Тэд санасандаа хүрсэн учир одоо МАХН-ын ачийг хариулж эхэллээ. МАХН-ын Батшугарыг Сонгинохайрханд нэр дэвшүүлж, МАХН-ын дарга, удирдлагын хүслийг хангасан. Батшугар сонгогдох нь ердөө л сонгуулийн технологи байсан. Нам нэгдсэний дараа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгыг МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга, Батшугарыг НАМЗХ-ийн дэд ерөнхийлөгчөөр сонгосон. Одоо тэгвэл төрийн албыг МАХН-ын угшил бүхий гишүүдэд найр тавих ажил эхлэхэд бэлэн болжээ. УИХ дахь МАН-ын бүлэг Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамыг нэмж байгуулахыг дэмжлээ. Түүнчлэн Боловсрол, Ойн агентлагийг шинээр байгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны агентлагийг Сангийн сайдын бус Шадар сайдын чиг үүрэгт байлгах , Жендерийн тэгш байдлын тухай асуудлыг хариуцсан агентлагийг Ерөнхий сайдын харъяалалд хэвээр нь үлдээхээр тогтсон байна. Түүнчлэн МАХН-ын гишүүдийг Улаанбаатар хотын захиргаанд ч байршуулах ажил ойртжээ. Засгийн газраар удахгүй хэлэлцэх Улаанбаатар хотын Засаг захиргааны бүтцэд дагуул хот хариуцсан орлогч дарга гэсэн шинэ орон тоог шинээр нэмэхээр нэгэнт хэлэлцжээ.
Б.Пүрэвдорж