О: ЦОГТГЭРЭЛ: ИРЭХ СОНГУУЛИУДАД АРДЧИЛСАН НАМ БҮРЭН ЯЛЖ БАЙЖ, МОНГОЛЫН АРДЧИЛАЛ БҮТЭН БОЛНО (Ардчилсан Намын онц их хурлаас тус намын даргаар баталгаажсан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хэлсэн үгнээс онцлов)
Өнөөдрийн энэ хурал бол баярын хурал биш ээ. Цаасан дээр нэр нь, шүүх дээр бүртгэл нь байгаа ч иргэдийн итгэлээс, гишүүдийн бахархлаас өдрөөс өдөрт үргэн алга болсоор байгаа дотоод асуудлынхаа шалтгааныг олох ёстой хурал. Эвсэж, хамтраад ч болтугай эрх барьдаг байсан удаатай ч дөнгөж бүлэгтэй болсондоо баярладаг, бүр зарим сонгуульд тавхан хувийн дэмжлэг авсан төдийхөн болсон нөхцөл байдалдаа дүгнэлт хийх хурал. Гэхдээ бас өнөөдрийн энэ хурал бол гомдол, гутралын их хурал биш. Ардчилсан нам маань ахин сэргэх болов уу гэх айдсаа, арай ч бүхэн шалдаа ирчихээгүй гэсэн эргэлзээгээ тайлах хурал. Яавал бүтэн ялж, бүрэн засаглаж, гишүүддээ итгэлийг, иргэддээ эрхийг нь, эдийн засгийн баталгааг нь өгөх вэ? гэдэгтээ хариулт өгөх ёстой хурал. Тэмцэл, талцалд ялагч тал гэж үгүй. Гагц ганц ялалт бий нь эвлэрэл. Ардчилсан намын хувьд дан ганц эвлэрэл байгаад ч төр болтол бүтэцжсэн эрх баригчдыг ялж, засгийн эрхийг авах боломжгүй. Эвлэрэл дээр нэмэх нь шинэчлэл хэрэгтэй. Ардчилсан нам унаж, бутрах нь эрх баригчдад л ашигтайгаас бус иргэдэд халтай, эдийн засагт хортой, эрх чөлөөнд аюултай байдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харлаа. Улсын хил ч хаалттай, иргэдийн хэлэх үг ч хаалттай, бизнесүүдийн хийх ажлууд, боломжууд ч мөн хаалттай хий эргэсэн өдөр хоногууд өнөө ч үргэлжилж байна. 200 километр зам барих гэж хэдэн жил зүдэрсэн ч, гуравхан жилийн дотор 10 их наядын алдагдалтай төсөв батлан өр тавьж өдөр хоногийг өнгөрөөж буй эрх баригчдыг харсаар иргэдийн төрдөө, засагтаа итгэх итгэл ч улам уруудлаа. Яг одооноос бид нэгдэж, шинэчлэгдэж, ирэх сонгуулиар ялж, иргэддээ эрхийг нь, эдийн засгийн баталгааг нь эргүүлэн авчирч өгөхгүй бол аргалж ажилладаг, айдсаар удирддаг, асуудлаас зугтдаг эрх баригчид энэ улсыг сүйрэл, мөхлийн эргүүлэгт оруулан живүүлэх нь ээ. Бид дарга дагаж нам нүүдэг биш намын байр руу цүнхээ барьж ирсэн дарга, цүнхээ барьж гардаг байх нь юу юунаас илүү чухлыг ойлгоцгоолоо. Иймээс Чингисийн талбайг тольдсон анхны бууриндаа ахин өөрийн гэсэн байрны асуудлыг хойшлуулалгүйгээр шийднэ. Боловсролтой, туршлагатай, авьяас чадвартай олон гишүүд Ардчилсан намд бий. Тэдний чадамж, потенциалыг Монголын төр битгий хэл нам маань ч ашиглаж чадахгүй явсаар байна. АН-ын гишүүдээр тогтохгүй иргэдийнхээ, эрдэмтдийнхээ, хөдөө аж ахуйн түүхий эдийнхээ гээд хөгжилд хүргэх олон нөөц, боломжуудыг ашиглаж чадахгүй явсаар л байна. Энэ бүх боломж, нөөцүүдийг илрүүлэн, эргэлтэнд оруулах менежментийг намын бодлогод ч, төрийн бодлогод ч тусган хэрэгжүүлнэ. Дарга тодорч, бусад нь бүдгэрдэг лидер төвтэй үйл ажиллагаа АН-д гэлтгүй Монголын улс төрд нэвт шингэсэн. Ялагч бүгдийг авдаг биш оролцогч бүхэн хождог орчин цагийн өрсөлдөөний дүрмийг хаа хаанаа хэрэгжүүлэх цаг ирсэн. Өрсөлдөөн, мэтгэлцээнийг эрүүл үзэгдэл гэж ойлгож, өнөөг хүртэлх үл ойлголцол, талцал бидэнд дотоод эрчим, энерги, эвлэрлийг хожмын нэгдэлд авчирч, олуулаа хожно гэдэгт итгэж байна. Эвийн төлөө, эвлэрэл, нэгдэл нягтралын төлөө энэ хүртэл тэсэхдээ тэсч, тэвчихдээ тэвчиж хүлээцтэй хандсаар ирсэн шигээ талцал тэмцэл, хуваагдал, тусгаарлалтыг хэзээ ч дэмжихгүй гэдгээ дахин хэлье. Өнөөдрөөс эхлэн Ардчилсан намын хагарал, тэмцлийн хаалгыг хамтдаа хаацгааж ялгаварлал хөөлтгүй, дарга тойрсон үйл ажиллагаагаагүй, мөнгө татвараар эрэмбэлсэн тогтолцоогүй шинэ Ардчилсан намын үүд хаалгыг өргөн нээцгээе. Гишүүд нь оролцдог, оролцохынхоо хэрээр ойлголцдог, намаа-ирээдүйгээ мэддэг, хамтын удирдлагатай, ирэх цаг рүү, залуус руу хандсан үйл ажиллагаатай, тогтсон соёлтой, институт болох Ардчилсан намын шинэчлэлийг цугтаа эхлүүлцгээе. Ардчилсан намын орон зайг өгүүлэн суугаа ард иргэдийнхээ итгэлийг ахин бадрааж, Ардчилсан намынхны шийдэл, шинэчлэлээр дутаж буй Монгол төрийнхөө, Монголчуудынхаа асуудлуудыг нимгэлцгээе. Хөдөлмөрөө, хүчээ, хөлсөө, оюунаа зориулсан Ардчилсан намаа өөрийнхөө биеийн тал мэт нандигнаж, хайрлан хамгаалах, буцаан өсгөн торниулах чухал үүрэг та бид бүгдэд ногдож байна. Энэ өв хөрөнгө, үнэт зүйлээ нандигнан хайрлаж, чамбайлан хамгаалцгааж, нэрийг нь сэвтээлгүй, гэрийг нь гандаалгүй чадахын хэрээрээ өндөрт өргөн явахаа журмын нөхөд та бүхнийхээ өмнө амлаж байна. Ирэх сонгуульд анх удаа Ардчилсан нам бүтэн ялж, бүрэн засаглах том зорилгыг тээж, хариуцлага, ачааны хүндийг залуус бид үүрсэн шиг үүрье. Ах нар минь, гишүүд, дэмжигчид та нар минь ташуур, түшиг болон дэмнэж, дэмжиж өгөөрэй. Бүгдээрээ нийлээд ч ялж чаддаггүйгээ, салж, сарнихаараа ямар дэмжлэг авдагаа бид дэндүү сайн мэднэ. Иймээс урилгатай, мандаттай ч өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирэхийг хүсээгүй журмын нөхдөө нэгдэн нийлж АН-ын түүхэн дэх анхны бүтэн ялалтыг цугтаа бүтээцгээе гэж уриалья. Туурга салсан нөхдөө, ардчилалд хайртай, эрх чөлөөг эрхэмлэгч, даварсан данхар төрийг эсэргүүцэгч хэн бүхний өмнө ч Ардчилсан намын үүд хаалга үргэлж нээлттэйг сануулья.