ДЭМБ: “COVID-19”-ИЙН ӨВЧЛӨЛ ЕВРОПООС БУСАД БҮСЭД БУУРЛАА

2021-11-11  

Европт өнгөрсөн долоо хоногт “COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 10 хувиар өссөнөөр халдвар авсан, нас барсан тохиолдлын аль аль нь нэмэгдсэн цорын ганц бүс нутаг боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээллээ.

Ингэснээр Европт “COVID-19”-ийн өвчлөл зургаан долоо хоног дараалан өсөж байна.

ДЭМБ-ын “COVID-19”-ийн тархалтын талаарх долоо хоног тутмын тайлан мэдээнд дурдсанаар, дэлхийн хэмжээнд энэ сарын 1-7-ны өдрүүдэд халдварын 3.1 сая тохиолдол илэрснийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад нэг орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ. Эдгээр тохиолдлын гуравны хоёр нь буюу 1.9 сая нь Европт бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоос 7 хувиар өссөн байна.

Өнгөрсөн долоо хоногт халдварын хамгийн олон тохиолдол илэрсэн орнуудын тоонд АНУ, ОХУ, Их Британи, Турк, Герман багтжээ. Харин “COVID-19”-ийн улмаас нас барсан тохиолдлын тоо дэлхийн хэмжээнд 4 хувиар буурсан бол зөвхөн Европт өссөн үзүүлэлттэй гарсан байна. Америк тивийн хувьд, халдварын шинэ тохиолдол 5 хувиар, нас барсан тохиолдлын тоо 14 хувиар буурчээ.

Мягмар гарагт “Pfizer” компани АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг 18-аас дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрөх хүсэлт гаргасан юм. ДЭМБ-ын зүгээс энэ оны эцэс хүртэл нэмэлт тунг тарьж эхлэхгүй байхыг улс орнуудад уриалж байгааг үл харгалзан 60 орчим орон ийм вакцинжуулалтыг эхлүүлээд байна.

Хэдийгээр Зүүн Өмнөд Ази, Африкийн бүсэд вакцины хүртээмж хангалтгүй байгаа ч өнгөрсөн долоо хоногт халдвараар нас барсан тохиолдлын тоо гуравны нэг орчмоор буурчээ.

Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын Европын бүсийн асуудал хариуцсан тэргүүн Ханс Клюге Европ дахин цар тахлын голомт болоод байгааг мэдэгдээд, халдварын тархалтыг зогсоох нэмэлт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол ирэх хоёрдугаар сар гэхэд 500 мянган хүн халдвараар нас барж болзошгүйг анхааруулсан юм. 

 

Эх сурвалж: ЛОНДОН. /AP/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?