ЗАРИМ СУРГУУЛЬ, СПОРТЫН ТӨВҮҮДЭД ТУСГАЙ ОЛИМПИЙН ХЭРЭГСЭЛ ХАНДИВЛАЛАА

2021-12-23  

Монгол Улсад оюуны хөгжлийн бэрхшээлтэй, дауны хам шинжтэй хүүхдүүдийн оролцооны түвшинг дээшлүүлэх, тэдэнд тусламж үзүүлэх зорилгоор Монголын Тусгай Олимпийн Хороо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) хамтран алслагдсан 20 гаруй сургууль, спортын төвүүдэд тусгай олимпийн хэрэгслийг хандивлалаа. Монголын тусгай Олимпийн Хорооны дарга Б.Алтанцэцэг хэлэхдээ спортын хэрэгсэл бэлэглэснээр энэ хүүхдүүдийг спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлж, Тусгай олимпид бэлтгэх эхлэлийг тавьж байгаа гэлээ. Цаашлаад бүх сургуульд хэрэгжүүлж чадвал тамирчин залуу үеийг төлөвшүүлэх ач холбогдолтойг мөн онцоллоо. Мөн 2015 онд ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр 130-р сургууль дээр дауны хам шинжтэй хүүхдийн тусгай анги Монголд анх удаа байгуулагдаж байсныг дурдлаа. Одоогоор тус сургуульд 2 ангид 6-16 насны 30 гаруй хүүхэд суралцаж байна. Тусгай ангийн эдгээр хүүхдүүдэд хэл засал, хөдөлгөөн засал, ахуйн эмчилгээ зэрэг хичээлүүдийг мэргэжлийн багш нар заадаг.

Б.Алтанцэцэг, Монголын тусгай олимпийн хорооны дарга

“Бид Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг тэр дундаа Баянхошуу, Толгойт, Налайх дүүргүүдийн тусгай сургуулиуд мөн хөдөө орон нутгийн сургууль, биеийн тамир спортын клуб, хөгжлийн төв дээр босгосон мөнгөөрөө тоног төхөөрөмж аваад үнэгүй хандивласан. Бид түүнийхээ дагуу ямар шаардлага тавьсан гэхээр -та нар энэ хавьд амьдардаг гэр нь ойрхон байгаа оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 7 хоногт 2-3 удаа манай тусгай олимпийн спортоор хичээллүүлээрэй, эргэн тойронд нь байгаа хүүхдүүдийн хандлагыг өөрчилж, хооронд нь найзлуулаарай гэсэн. Бид өчигдөр 130 дугаар сургууль дээр очсон нэгэн шалтгаан нь энэ сургууль бол жирийн ерөнхий боловсролын сургууль боловч монголд анх удаа оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цуглуулсан, ялангуяа даунтай маш олон хүүхдүүд нэг ангид сурч байгаа. Бусдад туршлага болохоор маш сайн сургууль. Ирээдүйд бүх сургуулиуд тийм байх ёстой. Тэр хүүхдүүд бусад жирийн хүүхдүүдтэй адилхан эрхтэй байх ёстой. Тийм учраас бид нар тэднийг дэмжсэн. Тус сургууль дээр манай ирээдүйн тамирчид байгаа. Тийм учраас Европийн сэргээн босголт банкнаас өгсөн мөнгөөр авсан спортын хэрэгслээ авч өгсөн.

Б.Ганболд , Тусгай олимпийн дасгалжуулагч, 63 дугаар сургуулийн биеийн тамирын багш

“Би 2011 оноос хойш тусгай олимпийн баг тамирчдыг тэмцээнд бэлтгэж байна. Одоо 11 дэх жилдээ бэлдэж байна. Би энэ сургуульд 3 жилийн өмнөөс багшилж эхэлсэн байна. Энэ сургуульд өнөөдөр тусгай олимпийн төрлийн заалны хокей, тусгай бойчигийн бөмбөг, бадминтоны хэрэгсэл хүлээлгэж өгсөн байна. Ийм хэрэгсэлтэй болсноор энд суралцаж байгаа тусгай олимпийн харьяа хүүхдүүд маань энд байгаа хэрэгслээ ашиглаж хичээллээд цаашдаа тусгай олимпид оролцох бүрэн боломжтой болж байна. 

А.Амарболд, Тусгай олимпийн хүрэл медальт, 130 дугаар сургуулийн 5 ангийн сурагч

“Би ширээний теннисийн тэмцээнд оролцохоор Хонконг явж байсан. Бас би Америк, Солонгос явсан. Бас Дубай, Абу Даби руу явж тэмцээнд оролцсон. Одоо би сагсан бөмбөгөөр тэмцээнд явна.”

Э.Агиун,  “Тэгш хамруулах“хөтөлбөрийн багш

2015 оноос ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Тэгш хамрах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн үед 130 дугаар сургууль дээр анхны тусгай ангийн байгуулсан. Яагаад ердийн сургуульд заавал тусгай бүлэг байна вэ гэхээр энд байгаа оюун ухааны хоцрогдолтой хүүхдүүдийн хувьд, зураг, дуу хөгжим, биеийн тамирын хичээлүүд дээрээ маш сайн байдаг. Тэгвэл эдгээр хүүхдүүдийн сайн чаддаг зүйлээр нь дамжуулж нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ердийн хүүхдүүдтэй хамт хичээллүүлж байгаа. Харин өөрсдийнх нь хувьд сул байгаа танин мэдэхүйн чадварууд болох  монгол хэл, математик зэрэг хичээлүүдийг нь тусгай мэргэжлийн багш, тусгай хөтөлбөрөөр дагуу зааж өгдөг. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь ийм байгаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?