Аймгийн онцгой комисс хуралдаж энэ сарын 14-өөс ирэх сарын 10-ыг хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоохоор боллоо. Тодруулбал сүүлийн өдрүүдэд аймаг орон нутагт гарсан коронавирусны халдварын тохиолдлын тоо байнга өсч буй тул ийм арга хэмжээ авахад хүрчээ. Энэ сарын 11-ний өдөр 70 хүнд түргэвчилсэн, 15 хүнд PCR шинжилгээ хийхэд 29 тохиолдол нь батлагдсан байна.
Мөн “Ковид-19” цар тахлын 4 дүгээр давалгаа эхэлж, Омикрон хувилбар дотоодод бүртгэгдэж, халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь энэ шийдвэрийг гаргахад нөлөөлжээ.
Энэ хугацаанд хүнс, барааны зах, барилгын материалын дэлгүүрийн үйл ажиллагааг өглөө 10-аас оройн 18 цаг хүртэл, супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийг өглөө 8-аас оройн 22 цаг хүртэл ажиллуулахаар болсон байна.
Түүнчлэн Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо.
Үүнээс гадна олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, соёл урлагийн арга хэмжээ, тэмцээн уралдаан, хурим найр, тэмдэглэлт ой, цас мөсний баяр, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, танхимын сургалт, семинар, давтлага зэргийг хориглосон байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ