ИНДОНЕЗ УЛС 34 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР БАЙГУУЛЖ БУЙ ШИНЭ НИЙСЛЭЛДЭЭ НЭР ӨГЛӨӨ

2022-01-19  

Индонез улсын парламент өчигдөр тус улсын шинэ нийслэлийн нэрийг баталжээ. Индонезын одоогийн нийслэл Жакарта хотод хэт төвлөрөл бий болж, газрын хөрс нь жил ирэх бүр усанд автан живж буй тул $34 тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэ нийслэл хот байгуулж байгаа юм.

Шинэ нийслэлийн нэрийг “Нусантара” гэж тогтжээ. Тус улсын ерөнхийлөгч Жоко Видодогийн санал болгосон энэ нэр шууд утгаараа “олтриг, бүлэг арлууд” гэж орчуулагддаг.

Мөн олон арал, олон угсаатны эв нэгдэл гэсэн санааг илэрхийлдэг юм байна.

“Гарал угсаа, хэл соёл зэрэг манай бүх ялгаатай, өвөрмөц байдлыг Индонезын шинэ нийслэлийн нэр илэрхийлж байгаа юм” гэж үндэсний хөгжлийн төлөвлөлтийн сайд Сухарсо Моноарфа тайлбарлажээ.

Түүхчид, хэл судлаачид нийтдээ 80 орчим нэрийн санал дэвшүүлснээс Видодо ерөнхийлөгч Нусантара нэрийг сонгосон байна.

Гэхдээ энэ нэр нь цоо шинэ зүйл биш, Индонезын түүхэнд бичигдсэн нэр ажээ.

Тухайлбал Нусантара нь 14 дүгээр зууны Зүүн Өмнөд Азийн бүс нутгийг илэрхийлсэн нэр байсан аж. Тухайлбал тэр үед өнөөдрийн Индонезын арлуудад оршин тогтнож байсан Мажапахит улсын ерөнхий сайд Гажа Мада “бүх Нусантара”-г нэгтгэж дуусах хүртлээ халуун ногоотой хоол идэхгүй гэсэн тангараг өргөж байжээ.

1293-1527 онд Жава аралд төвлөрч байсан Мажапахитын эзэнт улс ид хүчирхэг үедээ өнөөдрийн Сингапур, Малайз, Бруней, Тайландын өмнөд хэсэг, Зүүн Тимор, Филиппиний баруун өмнөд хэсэг, Камбож, Бирм болон Вьетнамын өмнөд хэсгийг нэгтгэснээ Нусантара хэмээн нэрлэж байсан гэнэ.

Тиймээс Индонезын нийслэлийн шинэ нэрийг Зүүн Өмнөд Азийн зарим улсын иргэдийн зүгээс шүүмжилж эхэлжээ.

Тухайлбал Малайзын нэг сошиал хэрэглэгч “13-14 дүгээр зууны Нусантара бүс нутагт өнөөдрийн Бруней, Тайланд, Малайз, Камбож, Вьетнам зэрэг улсууд багтаж байсан. Нийслэлийн шинэ нэр түүхийн гажуудал бүү үүсгээсэй” гэж бичсэн байна.

Нусантара хот байгуулагдах Борнео арлыг Индонез, Малайз, Бруней улсууд хувааж эзэмшдэг. Тиймээс арлыг нэгтгэх санаа болох вий гэж болгоомжилж байгаагаа зарим түүх судлаачид илэрхийлжээ.

Индонезын ерөнхийлөгч Жоко Видодо нийслэл хотыг Жава арлаас Борнео арлын Зүүн Калимантан мужид нүүлгэх шийдвэрээ 2019 оны наймдугаар сард зарлаж байв.

Шинэ нийслэл байгуулах хөрөнгийн 53 хувийг Индонезын засгийн газар гаргаж, үлдсэн хэсгийг хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх юм.

Нусантара хот байгаль орчинд ээлтэй, дэлхийн түвшний хот болж, Индонезын эдийн засгийн хөгжлийн бэлгэ тэмдэг болох ажээ.

Эх сурвалж: Reuters

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?