УОК-оос Сайжруулагч Барс жилийн Цагаан сарын хүчит 256 бөхийн барилдааныг зохионо гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Гэхдээ 3 дахь тунгаа хийлгэсэн байх шаардлага тавьлаа. Энэ бол Засгаас гаргасан ердөө л нэг шийдвэр. Харин Цагаан сарын барилдаан болох эсэхийг бөхчүүд шийднэ Учир нь допингоос үүдсэн бөхчүүдийн маргаан тасраагүй хэвээр. Энэ маргаан хурцдаж, Жем интернашионал компанийн ивээн тэтгэлгээр харцага цолтнуудад зориулдаг уламжлалт барилдаан цуцлагдсан. Допингийн шийтгэлийн асуудлыг нэгмөр цэгцлэхээр Бөхийн Холбоо хоёр хоногийн өмнө хуралдсан ч шийдвэр гаргаж чадалгүй тарсан. Допинг хэрэглэсэн нь нотлогдоод, барилдах эрхээ 11 сараар хасуулсан даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, гарьд Бат-Орших нарын улсын заан Пүрэвсайхан нарын барилдах эрх сэргэсэн нь маргаан дагуулсан хэвээр. "No doping" хөдөлгөөнийг удирдсан улсын харцага О.Хангайгийн зөв гэж харах олон хүн байгаа ч , бөхчүүд дов жалганы үзэл гаргаж талцаж эхэлсэн нь цаашдаа эв найртай барилдаан болох эсэхэд эргэлзээ төрүүлэх болсон. --Ердөө л Хангай тэргүүтэй Ховдын таван бөх л миний хүү даян аварга Н.Батсуурийг барилдуулахгүй гэж тэмцэж буй гэж Батсуурь аваргын аав, улсын начин Намсрайжав байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл Ховдын бөхчүүд дээр Архангай аймгаас гаралтай Санжаадамба аварга нэмэгдсэн. - Яагаад Батсуурьт 11 сарын шийтгэл оноож, нэг наадам ч өнжилгүй, дараагийн наадамд зодоглох эрх олгосон хэрнээ, Оюунболдын эрхийг 4 жилээр хасаж байгаа юм бэ? Батсуурийнхаар хэмжвэл Оюунболдыг допинг дахин хэрэглэлээ гэж 1 жил 10 сараар хасах болох нь. Гэтэл түүний барилдах эрхийг 8 жилээр хаслаа. Энэ шударга бус, ижил тэгш биш , өөр хоорондоо асар зөрүүтэй, хувь хүмүүсийг ялгаварлаж буй мэт шийдвэрээ эргэж хар гэж улсын аварга Санжаадамба Бөхийн Холбооноос шаардлаа. Санжаадамба аваргын сөхөж буй өнцөг үндэслэлтэй, баримттай аж. Ерөөс допингийн шийтгэлийг бөхчүүдэд ижил тэгш оноохгүй байгаа нь маргааны гол үндэс болж буй. Санжаадамба зохих ёсны хариугаа авч чадаагүй учир, Хангайн хамт тэмцлээ өрнүүлж буй. Энэ янзаараа Цагаан сартай золговол, бөхчүүд Холбооны шийдвэрээ эсэргүүцэж, Цагаан сараар допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй тэмцлээ үргэлжлүүлж, улмаар барилдааныг ч бойкотлох магадлалтай. Тиймээс Улсын арслан Д.Ганхуяг, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд Б.Гантогтох ,улсын гарьд Д.Рагчаа ,улсын гарьд И.Доржсамбуу, улсын харцага Г.Элбэг, улсын харцага Л.Бадарч, улсын харцага Д.Батболд, улсын начин Д.Жанчивдорж, гарын даа Ё.Амарбаясгалан, улсын засуул Р.Сампилдондов, бөхийн зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, бөх судлаач Л. Ням, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав,холбооны нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл нар өнөөдөр дээрх асуудлаар дахин хуралдах болжээ. Хэрвээ тэд шударга шийдвэр гаргаж үл чадах аваас, бөхийн барилдаан тэр хэмжээгээр хойшлох болж байна.
Б.ПҮРЭВДОРЖ