Цагаан сарын дараахан Хужирбулангийн дэлгүүр лүү орох гэж байсан 12 настай хүүг нохой уржээ. Архиран дайрах том нохойноос хөл мэдэн зугтсан балчир хүүг нохой араас нь хөөж, гуянаас нь хүй татсан байна. - Хүүгээ Гэмтэл Согогийн эмнэлэгт үзүүлж, оёдол тавиуллаа. Цагдаад хандаж, нохойны эзнийг нь олж, зохих шаардлага тавилаа. Гэр хорооллынхон Та бүхнээс гуйя. Нохойгоо гудамжинд сул бүү орхи, худгаас ус авах, дэлгүүрээс хүнсээ цуглуулахдаа нохойгоо дагуулж явдгаа болиоч. Гуйя та бүхнээс гэж 12 настай хүүгийн ээж бусдад хандлаа. - Бусад хороонд ямар байгааг хэлж мэдэхгүй. Хужирбулантай залгаа орших Гачуурт тосгоны догшин авиртай ноход дэндсэн. Хөгшчүүл, хүүхдүүд нохойноос айгаад гарч ч чадахгүй, гарсан нь хичээл номондоо явж чадахгүй болоод удаж байна. Шөнийн тухайд бүр ч хэлэх зүйлгүй. Нохой л тосгоныг " захирч" байна. Өчнөөн олон хүүхэд золбин нохойд хазуулж, эрүүл мэндээрээ хохирсон. Эдгээр нохдын дийлэнх нь эзэнтэй. Эздэд нь хариуцлага тооцох цаг болсон гэж Гачуурт тосгоны нэгэн эмэгтэй дуу хоолойгоо нэмэрлэлээ. Нохой бол яах аргагүй араатан. Араатан болсон хойно аюултай. Энэ араатанд, улсын хэмжээгээр хэдэн хүн уруулж хазуулсан нарийвчилсан тоо хараахан гараагүй гэж боддог. Зөвхөн эмнэлэгт очсон, цагдаад хандсан тоог л албан ёсны тоо гэж одоохондоо үзэж байна. Гэхдээ л албан ёсны тэр статистик ч аймшигтай. 2021 оны эхний 4 сард 1600 хүн нохойд уруулсан байна. Сард 400. Өдөрт 13 хүн нохойд хазуулж, уруулж байна гэсэн тоо. Аймшигтай. Бүхнийг УИХ-ын дарга, ерөнхийлөгч, ерөнхий сайдаас нэхэх боломжгүй. Хороон дарга " засаглаж", ажилтнууд нь зүтгэмээр юм. Дорвитой арга хэмжээ авахыг иргэд хүлээж байна. Хот, хороо, тосгоны гудамжаар, өдөр ч, шөнө ч иргэд айдас хүйдэсгүй, амар тайван алхах эрхтэй. Амьд явах. Энэ бол үндсэн хуулиар олгогдсон хамгийн чухал эрх. Энэ нөхцөлийг хорооны дарга нар хангахын төлөө ажиллах ёстой. Золбин нохойноос иргэдээ хамгаалах буянт үйлсээр Бар жилээ эхлэх нь зөв юм гэж бодлоо.
Ц.ЭНХБАТ