УКРАИНЫ АСУУДЛЫГ ТОЙРСОН ДИПЛОМАТ УУЛЗАЛТУУД ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

2022-02-09  

Do you want France to fight with Russia?' Putin asks

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр Москвад айлчлан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй зургаан цаг орчим уулзаж Украины асуудлыг хэлэлцлээ. Уулзалтын дараа Эммануэл Макрон, Владимир Путин хоёр хамтарсан хэвлэлийн хурал хийсэн нь сүүлийн үед болж байгаагүй үйл явдал болов. В. Путин уулзалт ажил хэрэгч болсныг онцолж, АНУ, NATO Оросын аюулгүй байдлын шаардлагуудад баталгаа өгөх ёстой гэдгийг дахин цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр NATO-гийн зүүн тийш өргөжин тэлж, Оросын хилд тулж ирсэн нь олон улсын аюулгүй байдлын гэрээ хэлцлийг зөрчсөн үйлдэл бөгөөд барууныхны түрэмгийллийн эсрэг ОХУ-аас өөрийгөө хамгаалах арга хэмжээ авч байгаа гэж тайлбарлав. Мөн В.Путин “Ирак, Ливи, Афганистаны ард иргэд өөрсдийн туршлагаас суралцах ёстой” гэж тусгаар улсын дотоодын хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцсон үр дүнгийн талаар хошигнож ярьсан байна. Мөн 1999 онд хуучин Югославыг бөмбөгдсөн NATO-гийн цэргийн ажиллагааг ч сануулжээ. Мөн тус улс Украины хилд цэргийн хүчээ зузаатгасан нь Киевийг булаан эзлэхийг хүссэн биш NATO-г Москвагийн хилд улам ойртохоос сэргийлж, айлгах арга хэмжээ гэдгийг онцлов. ОХУ нь Украиныг NATO-д элсүүлэхгүй гэх баталгааг шаардаж байгаа ч АНУ болон барууны цэргийн эвслээс “Ардчилалд харшилж бусад улсын эрхийг зөрчсөн явдал болно” хэмээн шаардлагыг нь хүлээж авахгүй байгаа юм. Улмаар Украинд дайн үүсэхээс сэргийлж, АНУ болон барууны улсууд Киевээс дипломатуудаа эргүүлэн татаж эхэлсэн. Украин нь 2014 онд Оросын талыг баримтлагч засгийн газрыг түлхэн унагааж, төрийн эргэлт хийснээс хойш NATO-д элсэх оролдлогыг хийж, лоббидсоор байгаа юм.

Францын ерөнхийлөгч уулзалтын дараа “Европт аюулгүй байдал, энх тайвныг хамгаалах шинэ баталгааг гаргахад ирэх өдрүүд шийдвэрлэх үе болно. Бидэнд хамтарсан хэлэлцээ хэрэгтэй” гэж мэдэгджээ. Макрон, Путин нарын уулзалт хэдэн цагийн турш үргэлжилж, цаа буга эсвэл хилэм загасны мах сонгон амтат төмс, тоорын бялуу, ваниллатай зайрмагны цэсээр зоог барьжээ. Макрон Киевийн талтай уулзахаар Москвагаас өчигдөр шууд Украин руу нислээ. Тэрбээр ОХУ-д айлчлахынхаа өмнө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярилцсан юм. Мөн нөгөө талд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд Германы шинэ канцлер Олаф Шольцтой уулзаж, ОХУ-аас Украин руу довтолсон нөхцөлд авах арга хэмжээг ярилцсан байна. Уулзалтын дараа Жо Байден мэдэгдэл хийж, ОХУ-аас Украин руу цэрэг хөдөлгөсөн нөхцөлд “Хойд урсгал-2” хийн хоолойн төслийг зогсооно гэдгийг анхааруулжээ. Цагаан ордны зүгээс дайны үр уршгийн талаар байнга сануулж, Европын холбоотнуудтайгаа нэгдмэл байр суурь илэрхийлэхээр хичээн ажиллаж байгаа юм. Тэд ОХУ-аас Украин руу довтолсон нөхцөлд Москваг эдийн засгийн хатуу хоригт оруулахаар тохиролцоод байгаа билээ. Энэ талаар Жо Байден хэлэхдээ, “Бид бүгд бэлэн болсон. NATO ч бэлэн байна” гэж нэгдсэн байр сууриа илэрхийлжээ. Украин нь NATO буюу Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн биш боловч холбооотон улсын хувьд Киевийг хамгаалахаар тодорхой алхмуудыг хийж эхэлсэн бөгөөд АНУ-аас 3000 орчим цэргээ NATO-гийн гишүүн улсуудад илгээж, хүч нэмэгдүүлээд байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?