Хөгжлийн банкинд үүссэн асуудлаар Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан сэтгүүлчдийн төлөөлөл болон Хөгжлийн банкны асуудлыг хариуцсан Ажлын хэсгийн гишүүдийн төлөөллийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан, санал солилцож, ажлын хэсэгт тодорхой үүрэг чиглэл өглөө. Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, ажлын хэсгийн гишүүдэд Б. Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын гишүүд багтан, ажиллаж буй. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 17-нд эхний дүгнэлтээ танилцуулах бол 21-нд эцсийн дүгнэлтээ гаргана. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараагаар уг асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөснөө УИХ-ын дарга мэдэгдлээ . Нийтийн сонсголын тухай хуулиар 14 хоногийн өмнө олон нийтэд нээлттэй зарлаж, 30 хоногийн дотор зохион байгуулах хуулийн заалтын дагуу Хөгжлийн банкны шалгалтын дүн- нээлттэй сонсголыг гуравдугаар сарын эхний долоо хоногт багтаан зохион байгуулах аж. -Хөгжлийн банкны асуудал бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хуримтлагдаж, ужгирсан. Анх энэ асуудлаар 2015 онд УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт гарч байсан. 2018 онд ЗГХЭГ-ын Хяналт шалгалтын удирдамж баталсан. Хөгжлийн банкинд 2019 онд Аудитын газар, ЗГХЭГ-аас шалгалт хийгдэж, 2020 онд Сангийн яам, 2021 онд Монгол банк шалгаж, дүгнэлтүүд нь эцэслэгдэж, 10 жилийн турш яригдсан. Одоогоос л нэг хэвлэл мэдээлэл, олны дэмжлэг авч, асуудал нааштайгаар эргэж байна. Олон талын хамтын ажиллагаа, хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдрийн байдлаар 50 гаруй тэрбум төгрөгийн өр төлөгдлөө. Цаашлаад, нэгдүгээр улиралдаа багтан 200 гаруй тэрбум төгрөг төлөгдөхөөр график, төлөвлөгөө хийгдээд, амлалт үүрэг аваад ажиллаж байгаа юм байна. Хууль хяналтын байгууллагуудаар АТГ-т 10, Эрүүгийн Цагдаагийн газарт 3, Дүүргийн цагдаагийн газарт 2, шүүхэд 25, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт 8, хяналтын шатанд 6 хэрэг шалгагдаж байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа байнгын хороо хуралдаад Нээлттэй сонсгол зохион байгуулах чиглэлийг нэгдүгээр сарын 31-ний өдрийн захирамжаар ажлын хэсэгт чиглэл болгосон. Ажлын хэсэг 22 хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу анхны ерөнхий хяналтын Нээлттэй сонсголыг Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тус уулзалтын үеэр онцоллоо.