АНУ хүний нутагт дайн өдөөдөг. Тэд Югославыг бөмбөгдсөн. Сири, Иракыг ч ижил. Америкийн турхиралтаар Украйн-Оросын дайн дэгдсэн. Украйныг урдаа барьж, Оросыг дарах төлөвлөгөөгөө АНУ хэрэгжүүлэхээр заналтайгаар улайрч буй. Оросыг буулган авахын тулд АНУ, Европын холбоо хүч хавсран Украйныг турхирч, мөнгө санхүүгээр угжиж, зэвсгээр хангаж буй. Украйн-Оросын хэлэлцээрт тэд л саад болж, цаг хожиж, тэр хугацаанд Украйныг Европын Холбоонд элсүүлэх, зэвсэг хэрэглэлээр хангах ажлыг амжуулж буй. Нэгэнт Украйныг Европын холбоонд элсүүлсэн тохиолдолд НАТО цэргээ оруулна. Ийм л бэлтгэл ажлыг АНУ-ын шахалтаар Европын холбоо, Украйн улсын тэргүүнүүд дуулгавартайгаар гүйцэтгэж байна. Үнэндээ, Украйн -Оросын хэлэлцээр юунд ч хүрэхгүй гэдгийг Оросын эрдэмтэд ч дүгнэж байна. Хэдийгээр Европын холбоо АНУ-ыг дэмжиж, Оросыг бүх талаар хавчиж буй ч Хятад зэрэг дэлхийн том гүрнүүд Орос улсын түнш гэдгээ илэрхийлсээр байна. Өнөөдөр л Орос улсын жинхэнэ түнш нь хэн бэ? гэдэг ялгарч байна гэж ОХУ-ын Гадаад Харилцааны Яамны төлөөлөгч М.Захарова хэлсэн. Энэ бол Орос-Хятадын түншлэл улам зузаарч байгаагийн илрэл боллоо. Түүнээс гадна, дэлхий ертөнц АНУ-ын талыг баримтлагчид ба түүний эсрэг тал гэж хоёр хуваагдах явц эхэллээ гэж хэлж болно. Эдийн засгаараа хүчирхэгжсэн Хятад улстай АНУ сүүлийн жилүүдэд сөргөлдөх болсон. Тэдний хамгийн сүүлчийн том зөрчил Тайванаас үүссэн. Ази тивийг хараа хяналтандаа байлгах зорилгоор АНУ Тайваны аралд цэргийн баазаа байрлуулсан. Харин Хятад улсын хувьд Тайваныг өөрийн нэг хэсэг гэж үздэг. Тэр ч утгаараа газар нутагтаа нэгтгэнэ гэсэн байр сууриа тод илэрхийлсэн. Энэ зөрчил нь Хятад-АНУ хоёр гүрний харьцааг дайн үүсэх хэмжээнд хүртэл хурцатгасан. Хятад улс ч АНУ-ын зүгээс хориг арга хэмжээнд орж эхэлсэн. Тиймээс Оросын дараа АНУ-ын дайн хийх хоёр дахь улс бол Хятад юм. Энэ нөхцөл байдал нь Зүүн европын хүчирхэг гүрэн ОХУ, Ази тивийн хамгийн хүчирхэг гүрэн Хятад улсыг нэг талдаа гарахаас өөр аргагүй байдалд түлхлээ. Ийнхүү Монгол улстай хил залгах хоёр том гүрэнд дайны гал дүрэлзэх магадлал өндөрслөө.
Ц.ЭНХБАТ